Шууд Chart

Хүсэн хүлээдэг “Playing love” тоглолт “Корпорэйт конвеншн сентер”-т болох нь ээ

2019-02-27 10:55:58

Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монголын болон дэлхийн киноны шилмэл хөгжмийн “Playing love 2019” концертоо “Корпорэйт конвеншн сентер”-т ирэх гуравдугаар сарын 1,2-нд хийх гэж байна.

Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг морин хуур давамгай чуулга үзэгч, сонсогчдын сэтгэлийг сэвэлзтэл, дахин дахин сонсмоор болтол хөгжимдөх нь хуурчдын, чуулгын бусад хөгжимчдийн, удирдаачийн ч ур чадвар, сайхан хөгжмийг тултал тоглочих гэсэн залуусын хүсэл тэмүүллийн өнгө буюу.

“1900” киноны хөгжим, хуурчдын гарын аясаар Жони Дэпийн нүд гялалзан, эгээ л түүний хажууд байгаа мэт мэдрэмж төрөх агшин гээд Хуурын чуулгын залуус дэлхийн кинонуудын хөгжмөөс сонордуулсан тоглолтоос өнөө хэр сэтгэлд тод үлдсэн дурсамж бишгүй.

Харин эдүгээ зарлаад буй, 2019 оны тоглолт бүр илүү баялаг ажээ. Өдгөө дэлхийн кино урлагийн талбарт ямар кино тэргүүлж байна, тэдгээрээс дээжлэн хөгжмийг нь сонордуулахаар зэхжээ. Тийм өргөн цараатай тоглолт бэлтгэсэн учраас, өөрөөр хэлбэл хөгжим сонсгохын зэрэгцээ үзүүлж харуулах зүйл ихтэй тул тайзны боломж, техникийн шийдэл зэргийг харгалзан “Playing love 2019”-ийг “Корпорэйт”-д зохион байгуулах болсон байна.

Энэ удаагийн тоглолт бас нэгэн зүйлээр онцлог. Монголын хөгжмийн зохиолчид дэлхийн энтэй монгол кинонуудын хөгжмийг дэлхийн стандартын хэмжээнд бичиж байгаа бөгөөд эдгээрээс мөн сонсгох юм. Тухайлбал, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Чингисийн хүүхдүүд”, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Шар даага”, Д.Түвшинсайханы “Зүрхний хилэн” кинонуудын хөгжмийг нэрлэж болно.

“Playing love 2019” концертын удирдаачаар маэстро Д.Түвшинсайхан ажиллана. Морин хуурын чуулга киноны хөгжмийн тоглолтыг 2010 оноос эхэлж үзэгч, сонсогчдод хүргэж ирлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүсэн хүлээдэг “Playing love” тоглолт “Корпорэйт конвеншн сентер”-т болох нь ээ  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй