Украйнд үүсээд байгаа хямрал намжих төлөвгүй байгаа нь ОХУ-ын эрх баригчдын санааг зовоож байгааг тус улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Тэд Украйны сөрөг хүчнийхнийг хүчирхийлэл, эсэргүүцэл, тэмцлээ зогсоож, Засгийн газартайгаа зөвшилцөлд хүрэхийг уриалаад байна.
ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Украйны нөхцөл байдалд сөрөг хүчнийхнийг буруутгасан, тэднийг энэ үйлдлээ зогсоохыг шаардсан мэдэгдэл хийсэн тухай BBC мэдээлж байна. Тэд олон сар үргэлжилсэн хямралыг өдөөгч нь сөрөг хүчнийхэн гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс хангалттай буулт хийсэн учир эсэргүүцэгчид тулган шаардалтаа зогсоож зөвшилцөх хэрэгтэй гэжээ. Хангалттай буулт хийсэн гэж үзэх учир нь Украйны парламент өршөөлийн хууль батлаж, жагсагчдын эсрэг хуулиа цуцалсны зэрэгцээ сөрөг хүчнийхний Засгийн газрыг ерөнхий сайдтай нь огцруулсан юм.
Харин сөрөг хүчнийхний хувьд энэ нь хангалтгүй бөгөөд ерөнхийлөгч Виктор Януковичийг өөрөө огцрохыг шаардаж байна. Ингэснээр ОХУ-ын гар хөл бологсдыг нэг нэгээр нь түлхэн унагах боломжтой гэж тэд үзэж байгаа юм. Харин эрх баригчид өөрсдийн үйлдлийг улс эх орныхоо эдийн засгийг аврахын төлөө гэж зөвтгөж байгаа. Учир нь Украйны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед ОХУ тус улсад 15 тэрбум долларын тусламж үзүүлэхээ амласан. Гэхдээ энэ нь шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хэрэгжих боломжгүй юм. АНУ, Европын Холбоо Украйнд тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа ч эд мөнгөөр наймаалцах тэмцэлд оролцохгүй гэдгээ Европын комиссын тэргүүн ноён Барроссо мэдэгдсэн. Гэсэн ч хөндлөнгөөс зүгээр ажиглан суухын оронд Украйны эдийн засаг, улс төрд нүүрлээд байгаа хямралыг арилгах нөхцөл боломжийг эрэлхийлэх болно гэдгийг Европын холбооны төлөөлөгч хатагтай Эштон хэллээ. Гэхдээ яг одоогийн байдлаар Украйны хямралыг эцэслэх ямар арга боломж байгааг АНУ, Европын холбоо, ОХУ, Украйны сөргөлдөгч талууд аль аль нь олоогүй байгаа нь тэдний үйлдлээс харагдаж байна гэж ажиглагчид тэмдэглэж байна.
| Украйны хямрал эрх баригчдын санааг зовоож байна | ||
| Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.