
Урин хавар иржээ. Байгаль дэлхийгээ дагаад хүмүүний сэтгэл уужирч, малын зоо тэнийдэг сайхан цаг. Гэвч бодолд автаж, хөмсөг атируулсан хүмүүсээр Улаанбаатарын гудамж дүүрэн. Хэн нэгний хэлсэндээ хүрээгүй үйлдэл хийгээд хүн чанараа хаа нэгтээ гээсэн увайгүйчүүдийг халаглан шогширсон сэтгэгдэл, өгүүллүүдээр бидний ертөнц ч дүүрэн. Энэ бүхний дундаас сайн сайхныг хайж олно гэдэг сүрэг өвсөн дундаас зүү хайхаас ч амаргүй. Гэхдээ л Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баяр баяслыг мэдрэхээр шийдэв. “Урлаг л хамгийн дээд гоо сайхныг бэлэглэдэг” гэдэгт эргэлздэггүйн учир энэ өдөр Улаанбаатарчуудыг соён гэгээрүүлэх үзвэр үйлчилгээнүүдийг судаллаа. Олны олон дундаас сугалж авсан азын сугалаа минь “Буцаагүй амлалт” хэмээх цоо шинэ кино байв. Улстөржилт, эдийн засгийн хямралаас олж авсан стрессээ тайлах эрэлтээр дүүрэн энэ зах зээлд өдөр тутамд хэд хэдээрээ нийлүүлэгдэж буй урлагийн “бүтээлүүд”-ийн дотроос сорыг нь биш юм аа гэхэд сэтгэлдээ нийцсэнийг олж үзнэ гэдэг үнэндээ азын сугалаа шүү дээ.
Хүн зон багширалдсан “Хүннү молл”-ын нэг давхарт миний сугалсан азын сугалааны нээлт болох аж. Нээлт нь кино эхлэхээс даруй хоёр цагийн өмнө товлогдсон хэдий ч уйдаж бухимдах зав үнэндээ байсангүй. Амьтны хүрээлэнд нь зочлоод гарч ирэхийн зуурт “Буцаагүй амлалт” киноны уран бүтээлчид тайзан дээр цуглаж амжжээ. Яруу хөгжим, сайхан дуу сонсож, жүжигчин Б.Эрдэнэчимэг, Б.Батзаяа, Д.Хосбаяр, сэтгүүлч Г.Золжаргал зэрэг олны танилуудтай патиараа татуулж ч амжив.
Үзвэрийн цаг дөхмөгц “Хүннү синема”-гийн Хүлээлгийн танхимыг зорьж, зөөлөн буйдан дээр тухлан түр амсхийх гэсэн боловч суудлууд бүгд эзэнтэй байлаа. Дийлэнхи нь “Буцаагүй амлалт” киноны цагийг хүлээж, элдэв таамаглал дэвшүүлэн ярилцах аж. Гурван хүн тутмын нэг нь 1-3 хүүхдээ дагуулж яваа нь бүр ч содон харагдлаа. Бяцхан үзэгчдийн төлөөлөгчидтэй киноны талаар хөөрөлдөж эхэлтэл үзвэрийн цаг болж, бүгд танхим руу зүглэлээ. Эгээ л даваа гарагийн өглөө оройтож гараад хүн ихтэй автобусанд суухаар дугаарлаж буй нөхцөлд эгнэн жагсаад, хэсэг хүлээсний эцэст үзвэрийн танхимд орж байрлалаа эзэллээ.
Том том саарал чулуугаар ямар нэгэн зүйл чамбайлан өрж буй жүжигчин Э.Мөнхтөрийн дүр дэлгэцнээ тодорсноор кино эхлэв. Түүнээс холгүйхэн орших ганц гэрт холын зочин айлчилсан нь хотын залуу Занаа буюу жүжигчин Д.Хосбаяр байлаа. Уртай дархан өвгөний хийц сайтай бүхнийг сонжин шохоорхох Занааг хараад “энэ ч бүтэхгүй нөхөр байна даа” гэсэн бодол л толгойд харвасан. Гэтэл Жижигээ хэмээх бяцхан хөвгүүнээр “Мангар” Эрдэнэ гэгчийг дуудуулан авч ирсэнээр түүний энэ айлд зочилсны утга учир тайлагдсан юм. “Мангар” Эрдэнэ гэдэг нь чулуугаар хүний дүр урлаж суусан мөнөөх залуу ажээ.
Эрдэнэ Занаагаар хот руу дайлгасан захидлынхаа хариуг авна гэж найджээ. Занаа хүсэн хүлээсэн захидлынх нь оронд таагүй мэдээ авчирсан байв. Эрдэнэ ч тэрхүү мэдээг сонсоод хот явахаар шийджээ. Хотын найз нь түүнийг нийслэлд хүргэж өгөхөөс татгалздаг ч сумын төв рүү дөхүүлж өгөв. Жижигээ хөвгүүн тэдний машинд санаандгүй дайгдсан нь төрөлхийн аутизм өвчтэй Эрдэнийг хэн нэгний хараа хяналтанд байх учиртай гэдгийг харуулах гэсэн зохиогчийн заль бололтой.
Сумын төв дээр очмогц Эрдэнэ халаасандаа ганц ч төгрөггүй бөгөөд өөрийн гараар урласан хэдэн мөнгөн аягаа зарж борлуулаад мөнгөтэй болно хэмээн найдаж байгаагаа хэлсэнээр байдал бишдэж эхлэх шиг санагдав. Занаа түүнд бэлэн мөнгө зээлүүлээд салж одоход шунал дүрэлзсэн нүдтэй гурван ханхар эр “мангар” Эрдэнэ, Жижигээ хоёрыг Улаанбаатарт хүргэж өгөх санал тавих нь тэр.
Замын уртад цаасан шувуу урлаад хажуудаа байгаа хүнийг ч хайхрахгүй явах Эрдэнийг хутга барьсан дээрэмчдийн гараас Жижигээ хүү л аварлаа. Харанхуй жалганд нуугдчихаад муу залуусын тусгасан гэрэлд цаасан шувууныхаа нугалаасыг олж харах гэж зүтгэх Эрдэнийг үзээд “баригдах нь дээ” л гэж бодогдсон. Гэвч энэ удаа тэднийг аз дайрчээ.
Урт замыг туулан алхах зуурт Эрдэнэ чухам яагаад “мангар” хочтой болсоныг Жижигээ тэр хоёрын яриагаар хөнгөхөөн ойлгуулчихав. Улмаар Эрдэнийн хот газрыг зорих болсон шалтгааныг ч дурсамжаар нь дамжуулан үзүүлэв.
Тэр Ариунхонгор хэмээх нэгэн бүсгүйд амлалт өгчээ. Жижигээ ч бас аавыгаа олж уулзах зорилго тээн Улаанбаатарт иржээ. Түүний хэрсүүхэн ярианууд үзэгчдийн сэтгэлд гэгээ нэмж байлаа.
Эрдэнэ, Жижигээ хоёр хуурай голдуухан зүйлээр гол зогоож, автобусны буудал дээр хоног төөрүүлсэн ч зорилгоосоо няцсангүй.
Харааны бэрхшээлтэй өвгөнийг хүрэх газарт нь хүргэж өгсний дараа “түүний болзсон бүсгүй ирэхгүй нь дээ” л гэж бодогдсон. Гэвч таамаглалыг минь ташаа байсныг баталж, “Сайхан” Дулмаа тас тас хөхөрсөөр гарч ирэв.
Архинд дуртай эрээр замчлуулахаар тохиролцож, “шил юм” авч өгөхөд нь ч “за энэ өвгөн тасарч унаад зам зааж өгөх нь дашийн шог болов оо” гэсэншүү л юм бодож суулаа. Туулын бургасанд хоног төөрүүлдэг ч ганган хослолтой “боловсон” архичиныг уусан ч хэлсэндээ хүрдэг нэгэн байх юм гэж үнэндээ санасангүй. Даанч харамсалтай нь, Жижигээгийн аав хүүгээ хүлээж авахыг хүссэнгүй. Гэвч аавын түшигтэй ахтай, өвөөгийн энтэй шинэ танилтай хүү их хөлийн газар газардсангүй.
Ийнхүү “Буцаагүй амлалт” үйл явдлаас үйл явдал руу хөтөлж, бараан бодол бүхнийг цэлмээж гэрэл гэгээ түгээсээр л... Тэрхүү гэрэл гэгээ киноны төгсгөлд бүр ч тод гийсэн юм. Өөрөөр хэлбэл, “мангар” хэмээх Эрдэнэ олон үйл явдалтай нүүр тулсаны эцэст хайсан хүүхдээ олж, Ариунхонгор бүсгүйд амласан амлалтаа биелүүлсэн. Хамгийн сонирхолтой нь, Эрдэнэ тэр хүүгийн эцэг нь биш аж. Гэвч амлалтандаа хүрэх нь л түүний цорын ганц зорилго байсан юм. Зорилгоо ч биелүүлэв. Аутизм хэмээх эмгэгтэй ч гоц уран гартай энэ залуугийн сэтгэл ч бас тийм уран ажээ. Угтаа энэхүү киноны уран бүтээлчид “амлалт бол хүн чанар юм” гэдэг мессэжийг уран бүтээлээрээ дамжуулан түмэнд хүргэхийг зорьсон бололтой. Өнөө цагт хамгийн их үнэгүйдсэн амлалт хийгээд хүн чанарын үнэ цэнийг ийнхүү хөдөөгийн нэгэн залуугийн хамгийн энгийн төрхөөр илэрхийлсэнээрээ тэд ч бас зорилгоо биелүүлжээ.
Харин миний бие үзвэрийн танхимаас гарахдаа “аливаа зүйлийн хар бараан талыг л олж хардаг хэмээн өрөөлийг шүүмжилдэг хэрнээ өөрөө ч бас хамгийн түрүүнд муу хувилбараар нь боддог болчихсон”-оо анзаарав. Гэвч үзэгчдийн анхаарлыг татах гэсэн үнэмшил муутай адал явдал, хэт хачирласан марзагнал, зодоон цохион, хэрүүл тэмцэл үгүй энэхүү киноны энгийнээс энгийн хэрнээ нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгасан үйл явдлууд бараан нийгмийнхээ тоосонд дарагдан сааралтсан сэтгэлийг минь бүрэн цэлмээв. Миний зорилго ч бас биеллээ.
Та ч мөн энэ их стресс, түгжирэл, бөглөрлийн дундаас гэрэл гэгээ хайж байгаа бол “Буцаагүй амлалт”-ын үзэгчдийн суудалд тухлан саатаад үзээрэй. Би танд олон зүйл амлаж чадахгүй. Гэхдээ “Хэн нэгэнд амласан амлалт надад бий бил үү?”, “Би хэчнээн удаа амлалтаа биелүүлж, мөн хэчнээн амлалтаасаа буцсан бол?”, цаашлаад “Амлалт гэдэг нь чухам юу юм бол?”, “Амлалт хийгээд хүн чанарын үнэ цэнэ юунд оршдог юм бол?”... гэх мэт олон олон асуулттай, гэрэл гэгээ, итгэл найдвар тээсэн хариултуудтай гарч ирнэ гэдгийг л амлаж чадна аа.







Хүн чанарын үнэ цэнэ юунд оршдог вэ? | ||
Үзсэн: 1411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.