Шууд Chart

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

2026-05-12 13:58:33

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу, 24 цагаар эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд доод болон дээд бүтцийн ажил, гүүрийн байгууламж, бараа материалын татан авалт зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Доод бүтцийн ажлыг инженерийн зураг төслийн дагуу гүйцэтгэж байна. Төслийн II үе шат буюу ПК87+850–102+850 хооронд гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд талбайн гарц, түр зам байгуулах, хөрс хуулалт, ухмал болон далангийн ажлуудыг хийж байна.

Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор ухмалын хажуу налууг 1:1.5 харьцаатай, 8 метр өндөр, 4 метрийн тавцантайгаар төлөвлөж, инженерийн нарийвчилсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байгааг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд хэлж байна.

Түүнчлэн гүйцэтгэгч байгууллагууд 2026 оны тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар ажлын талбайн бэлтгэл ажлаа бүрэн хангаж, тавдугаар сарын 6-наас үндсэн ажлаа эхлүүлэн ажиллаж байна.

Дээд бүтцийн ажлын хүрээнд балласт, бетон дэрийн угсралт үргэлжилж байна. Мэргэжлийн нэршлээр ПК7+000–ПК16+200 хооронд бетон дэрийг замын трассын дагуу угсрах ажил мөн үргэлжилж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс нийт 75 вагон буюу 3,375 метр куб хайргыг татан авч, үүнээс 691 метр куб балластыг буулгаж дуусжээ.

Мөн ажлын талбайд нийт 4,066 метр куб чулуу бутлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 540 метр куб балласт үйлдвэрлэн бэлтгээд байна.

Дам нуруут гүүрийн бүтээн байгуулалтын ажил үе шаттай өрнөж байна. Мөн ПК43 дахь А2 захын тулгуурын буцаан дүүргэлт, завсрын тулгууруудын дам нурууны диафрагмын арматурчлал, хэв хашмал зэрэг угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Харин ПК66 дахь захын тулгуурын буцаан дүүргэлт, дам нурууны диафрагмын арматурчлал, хэв хашмалын ажил үргэлжилж байгаа бол ПК68 дахь А2 захын тулгуур дээр Р2, Р3 завсрын тулгууруудын диафрагмын арматурчлал, хүчитгэсэн хавтангийн цутгалт, газар хөдлөлтийн дампер суурилуулалт, далангийн хажуу налуугийн бэхэлгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.


Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй