
1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ.
Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.
Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Монголын Соёл Яруу Найргийн Академи дэлхийн яруу найргийн өдрийг угтан олон ажил хийдэг.
Үүний нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан. Мөн яруу найргийн өдрийг угтаж Монголын Соёл Яруу Найргийн Академиас жил бүрийн гуравдугаар сард зохиолч, яруу найрагчдын дунд Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд авиралт хийх болжээ.
Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.
ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг.
Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна.
Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.