Манай улс ӨАБНУ-тай хамтран хаягдал үнс болон металлургийн үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны ажил эхлүүлэх гэж байна.
Маргааш ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл (CSIR)-ийн Барилгын материал, шинэ технологийн группын удирдагч Доктор Жое Мапиравана тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж цахилгаан станцын хаягдал үнс болон металлургийн үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны хамтарсан төслийг эхлүүлэх гэж байна.
Айлчлалын хүрээнд Монголын судлаачид болон ӨАБНУ-ын төлөөлөгчдийн хамтарсан хурлыг хаягдал үнсийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ирэх даваа гарагт ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн хурлын зааланд 10 цагаас зохион байгуулах юм. Дашрамд дурдахад, Монгол Улс болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) хоорондоо газар зүйн байршлын хувьд хол зайтай боловч эдийн засгийн хувьд ойролцоо зүйл нэлээн ихтэй юм. Тухайлбал, ӨАБНУ-ын эдийн засагт уул уурхайн салбар голлох нөлөөллийг үзүүлж байдаг нь Монгол Улстай ижил төстэй юм. Алт, алмаз, цагаан алт болон бусад төрлийн уул уурхай эрдсийн бүтээгдэхүүн тус улсын экспортын голлох хэсгийг эзэлдэг.
Гэхдээ ӨАБНУ нь дан уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарсан улс биш юм. Тухайлбал, авто машин, химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр байрт ордог. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь 11000 америк доллар буюу дэлхийд 24-р байрт ордог. Үүнээс гадна 2011 оноос ӨАБНУ нь BRIC буюу эрчимтэй хөгжиж байгаа шинээр аж үйлдвэржиж буй (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад) улсуудын холбоонд нэгдэн энэ холбоог үүнээс хойш BRICS гэж нэрлэдэг болсон нь энэ улсын улс төр болон эдийн засгийн үр нөлөө улам өсөн нэмэгдэж байгаагийн илэрхийлэл болсон юм.
Үнсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ | ||
Үзсэн: 2023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.