Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд шинийн 8-ны 10.30 цагт Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагтын нирваан дүрийг үзүүлсний хоёр дахь жилийн ойн ерөөл номыг өргөн дэлгэр хурах гэж байна. Тэрээр 1932 онд лагшин мэндэлсэн бөгөөд 4 настайд нь Радэн ринбүүчи, Найчүн чойжин нар Монголын VIII Богд Жэвзүндамба хутагтын хойд дүр мөн хэмээн тодруулсан юм. Бага наснаасаа бурхны шашны судар, дандарын номын ёсонд мэргэшиж, олон бурхдын бясалгал бүтээлийг үйлдэн, дээдийн номын авшиг, соёрхол, эш онолын рашаанаар шавь олныг цэнгүүлэн зохиож олон түмнийг сайн мөрд удирдан хөтөлж байсан билээ.
Богд Жэвзүндамба хутагтыг 1992 онд Дээрхийн Гэгээн XIV Далай лам бээр Монголын Жэвзүндамба хутагтын IX дүр хувилгаан мөн хэмээн батламж бичгийг өргөснөөр Монголын ард түмэн Монголын IX Богд хэмээн танин мэдэж, оройдоо дээдэлж биширч ирсэн юм.
Дээрхийн гэгээнтэн Богд IX Жэвзүндамба хутагт Монгол оронд 1999, 2009 онд олон шавь олны эгээрэл хүслээр заларч улмаар Монгол улсынхаа иргэн болж, 2011 оны 11 сарын 2-нд Монголын нийт сүм хийдийн удирдлага, лам хувраг, сүсэгтэн олон хамтарч Монгол Улсын Бурханы шашны тэргүүнээр өргөмжилж шашны тамгыг соёрхон гардуулсан. Монгол Улсын Бурханы Шашны тэргүүнд өргөмжилснийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 сарын 24-ний өдрийн зарлигаараа баталгаажуулсан билээ. Монголын ард түмэндээ бурхдын энэрэл нигүүсэл, билгэ ухаан, хүч чадлын эрдмийн гүйцэт адистидыг оршоохын гүн бэлгэдлээр төр түмний шүтээн Мэгжиджанрайсиг бурхантай зэрэгцүүлэн Очирваань, Манзушир бурхныг бүтээн залсан нь Монголын шашин соёлд оруулсан цаглашгүй их хувь нэмэр билээ. Эдгээр буянт үйлсийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор соёрхон шагнасан юм.
Их Монгол орны хүмүүн амьтны итгэл номын Богд, Монгол Улсын Бурханы шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт шавь олныг дээдийн номын айлдвар гүн дэлгэр зарлиг сургаалаараа хөтлөн зохиож байгаад одоогоос нэг жилийн өмнө буюу XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны луу цагт мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураасан билээ. Аврал итгэлт Дээрхийн Гэгээнтэн Богд Жэвзүндамба хутагт Бурхан багшийн 15 хоногийн турш нийт түмэнд рид хувилгааныг үзүүлсэн дүйчэн, тэр дундаа хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Бурхан бээр тэр үед Энэтхэгт дэлгэрсэн буруу номлолын багш Ринпүр тэргүүтний үзэл онолыг няцаасан их дүйчэн өдрийг болгоон таалж, дээд төрөлхтний шинжийг үзүүлэн нирваан дүрийг барьсан нь шавь нарынхаа итгэл бишрэлийн сэтгэлийг улам бататгасан явдал болжээ. Богд бээр “Миний дараагийн Х дүр Монгол орондоо Монгол хүн болж шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно ” хэмээн айлдсан аж.
Жэвзүндамба хутагтын нирваан дүрийг үзүүлсний ойн ерөөл ном хурна | ||
Үзсэн: 1492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.