Шууд Chart

MNB.MN энэ 7 хоногт онцлов

2014-02-08 08:18:50

Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын эхний 7 хоногт улс оронд болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.  Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа Монголын морин спорт уяачдын холбоонд хандан албан шаардлага хүргүүлэв. Албан бичигт хавар цагийн хурдан морины уралдаанд 14 хүртэлх насны хүүхдийг унаж оролцуулахгүй байх, уралдаанд зөвшөөрөл олгогч, уралдааныг санаачлагч, зохион байгуулагч болон уралдааны хүрээнд үүрэг хүлээгч байгууллага, албан тушаалтан, ажилтан бүр хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насны төлөө хариуцлага хүлээж ажиллах, уралдаан болох тов, зарыг тодорхой хугацааны өмнө олон нийтэд мэдээлж, үр дүн, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан талаарх тайланг олон нийт болон зохих талуудад заавал хүргүүлж ажиллах, сум болгонд уралдаан зохион байгуулахаас татгалзаж, бүсчилсэн хэлбэрээр 1 аймагт нэг, хоёроос илүүгүй байх, уралдаанд оролцогч хүүхэд бүрт хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2011/ стандартыг зайлшгүй дагаж мөрдүүлэх" талаар дурьдсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт ёс заншил, идээ ундааны онцлог, эдлэл хэрэгслэлийн утга учир, мэндчилгээний соёл дэгээс танилцууллаа.

Энэ 7 хоногт “Хар хорин”, “Хүчит шонхор” худалдааны төв  ердийн цагийн хуваарийн дагуу, “Да хүрээ трейд” техникийн зах энэ сарын 03-наас ердийн цагийн хуваарийн дагуу, харин  "Нарантуул” зах энэ сарын 11-нийг дуустал амарч 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Өвлийн олимп "Сочи -2014" энэ сарын 7-ны өдөр эхлэв.  Монгол улсаас энэ удаагийн олимпод гүйлтийн цанын төрөлд Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар хурд хүчээ сорино. Тэдний тэмцээн энэ сарын 14-15-нд болох бөгөөд Д.Баттулга дасгалжуулна. Манай орны тамирчид олимпийн хотхондоо байршиж, эх орныхоо төрийн далбаагаа мандуулсан байна. Олимпийн нээлтэд дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүн оролцох бөгөөд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар оролцлоо. 

Сүхбаатар аймгийн Онгон сумын 1, 3 дугаар багийн нутагт гарсан малын халдварт өвчин тархаж Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрийг хамрав.  Тус сумдын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 14 мянган малыг  вакцинжуулаад байна. ОХУ-д үйлдвэрлэсэн  “А”, ”О” хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх уг вакцинаар нийт  1.1 сая орчим малыг вакцинжуулах шаардлага үүсээд байна. Харин өөр аймагт шүлхий өвчин гарвал вакцины нөөц хүрэлцэхгүйд хүрсэн талаар албаныхан онцлов.  Учир нь, 2014 оны төлөвлөгөөт вакцинжуулалтыг тендерээр нийлүүлэх ажил хүлээгдэж байгаа аж.

Алдарт эхийн одонтой эхчүүдэд Засгийн газраас жил бүр мөнгө олгодог тэтгэмжийг олгож эхлэв. Энэ жилийн хувьд  зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг олгож байна.  

ЕБС-ийн 11 анги төгсөгчдийн  ЭЕШ-ын бүртгэл эхэллээ. Энэ жил манай улсын хэмжээнд 34 мянган сурагч 11 ангиа төгсөж байгаа юм байна.

Сар бүрийн эхний долоо хоногт болдог аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурлаар  ерөнхий сайд Н.Алтанхуяг   2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох талаар онцлон дурдав.  Улмаар “экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн 1151 төсөл хүлээж аваад эхний сонгон шалгаруулалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 9 нь дулааны станцгүй байгаа. Эдгээр аймагт дулааны станц барих асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна. Ерөнхий сайдын өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын 50 тэрбум төгрөгийн төсвөөс 25 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулж байна.  “Шинэ сумын төв” төслийн хүрээнд аймаг бүрт нэг сумын төвийг загвар болгож хөгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх сумаа сонгож саналаа ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэлээ.  Цахим хурлын үеэр Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Завхан, Булган, Баянхонгор, Говьсүмбэр зэрэг 10 гаруй аймгийн Засаг дарга нар асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авсан юм.

Монгол улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман  хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн. Энэ зээлд тогтмол орлоготой иргэдийг хамруулж байсан бол шинээр малчин өрхийг ч хамруулах  боллоо. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулж “дөрвөн улиралд мал хариулдаг, мал аж ахуйн үйл ажиллагаанаас амьжиргааны үндсэн орлогоо бүрдүүлдэг малчин өрх нь орон нутагт баригдсан, журмаар заасан шаардлагыг хангасан орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой” гэсэн  заалтыг нэмжээ.

ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас интернэт орон зайд үүсч байгаа харилцаа холбоо бүр аюулыг өөртөө агуулж байдаг талаар сэрэмжлүүлэг гаргалаа. Албан бус судалгаанаас үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн 38 хувь нь зураг, бичлэг, тэмдэглэл зэрэг хувийн мэдээллээ нийгмийн сүлжээ сайтуудад нийтэлдэг бол, 10-17 насны хүүхдүүдийн 46 хувь нь хэн нэгэн этгээдэд өөрсдөө мэдэлгүй хувийн мэдээллээ өгч байдаг, 16-17 насны хүүхдүүдийн 56  хувь нь өөрсдийн мэдээллийг бусадтай хуваалцах хүсэл сонирхолтой байдаг байна.

Тиймээс, хүүхдийнхээ интернэт ашиглалтад онцгой анхаарч хяналт тавьж байх, мэдээллээ ил тавих нь тийм ч чухал биш гэдгийг хүүхдэд ойлгуулах, аюулгүй ажиллагаа, мэдээлэл бүхий сайтуудаар зочилдог байх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл ажиглагдсан тохиолдолд хуулийн байгууллагад тухай бүр мэдэгдэж байх, интернэтэд тавьсан зүйлсээ хэзээ ч буцаан авах боломжгүй байдаг гэдгийг ярьж ойлгуулах зэргийг анхааруулав.

Манай улсад төдийгүй олон улсад шинэд тооцогдох “Ухаалаг шуудангийн хайрцаг”  үйлчилгээний нээлт боллоо. Ачаа бараа, захидал шууданг хүнд дайдаг албыг халж бий болж буй энэ үйлчилгээ нь иргэд гар утсанд нь ирсэн нууц дугаараар гэрийнхээ ойролцоох төвд очиж ухаалаг шуудангийн хайрцгийг хурууны хээгээ уншуулан онгойлгон илгээмжээ авах боломжийг олгоно. Хайрцгийг эхний ээлжинд нийслэлийн 18 цэгт болон төвлөрөл ихтэй Дархан, Эрдэнэт хотод, цаашид төв суурин газар бүрт байршуулна. Шуудангийн үйлчилгээнд шинэчлэл хийх таван төсөлд Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 1,9 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. 

Ерөнхий сайд уламжлалт 30 минут уулзалтаараа цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.  Шинэчлэлийн Засгийн газар цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн талаар танилцууллаа. Тэтгэврийн доод хэмжээ ихдээ 30.8 хувь, багадаа 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. 2013 оны 12 дугаар сарын инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэвэр нэмэх хувь хэмжээг гаргаж тооцсон бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийн үндсэн дээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг хүмүүс ч мөн энд хамрагдсан аж.

Гадаад харилцааны яамны консулын газраас Малайз, Индонези, Филиппин улсад бага зардлаар сурч, амьдрах боломжтой гэх зар сурталчилгаанд хууртахгүй байхыг анхааруулав. Энэ төрлийн зараар хил гарсан манай иргэд гэмт хэрэгт холбогдох  болон хүнд нөхцөл байдалд орох явдал манай  иргэдийн дотор цөөнгүй гарах болсныг мэдээлэв. 

Нийтэлсэн: Б.Баярт

MNB.MN энэ 7 хоногт онцлов  
Үзсэн: 1981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй