
Өнгөрсөн сард соёл урлагийн амьдралд тохиосон онцлох үйл явдлын нэг нь ОХУ-ын нэрт хөгжимчин С.В.Судзиловскийн айлчлал, тоглолт, Консерваторийн багш, оюутан, сурагчдад зориулсан “мастер класс” хичээл байлаа. Суут П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын VI уралдааны шагналт, Америкийн “Grammy Awards-2004” наадмын нэр дэвшигч, виолончельч тэрбээр манай оронд анх удаа хөл тавьсан бөгөөд өөрийн санаачилсан боловсролын төслийн хүрээнд хүрэлцэн ирсэн юм. Түүний Монгол дахь тоглолтыг зохион байгуулагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон Монгол Улсын Консеоватори юм. Дээрх хоёр байгууллага хамтран нэрт хөгжимчнийг хэвлэл мэдээллийнхэнтэй уулзуулах үеэр товч ярилцсанаа хүргэе.
-Та олон оронд тоглосон гэлээ. Монгол хэд дэх нь бол?
-Дэлхийн улс орнуудын бараг талд нь очсон доо. Монголд анх удаа ирлээ. Маш их таалагдаж байна. Ялангуяа миний хамтран тоглогч төгөлдөр хуурч О.Кудрякова бүр аз жаргалтай байгаа. Тэр Санкт-Петербургийн Консерваторид суралцаж байхдаа монгол залуустай найзалдаг байсан, нутаг оронд нь ирж үзэх юмсан гэж их боддог байсан гэсэн. Миний 16 настай шавь сая “Монгол гоё юм. Москвагаас илүү ч байж магадгүй санагдлаа” гэж хэлэхийг сонсов уу.
-Та бүхний монголчуудад зориулсан тоглолтын хөтөлбөрийн онцлох зохиол нь юу вэ?
-Москвад амьдардаг, буриад хөгжмийн зохиолч Баяр Дондоковын “Песня” хэмээх жижиг хэлбэрийн бүтээл. Үүнийг анхлан тоглох гэж байна. Хийлээр тогловол зохих, нарийн зохиомжийг надад зориулж бичиж өгсөн.
-Таныг чадна гэж үзсэн байх нь ...
-Тогло л гэсэн. Монголд ирэх гэж байгаа болохоор юу тогловол сонирхолтой байх бол гэж бодоод хөгжмийн зохиолчид хэлэхэд энэ бүтээлээ санал болгосон юм.
-Виолончелийг хүний дуу хоолойтой адил дуугардаг хөгжим гэдэг. Танд тэгж санагддаг уу?
-Тэгэлгүй яах вэ. XVI зууны үед итали мастерууд ийм хөгжим урлахдаа тавьж байсан зорилго нь ердөө энэ.
-Та мастер хөгжимтэй юү?
-Тийм ээ, XVI зууных. Одоо сэргээн засварлуулахаар өгөөд байгаа. Хуучирсан болохоор юм л бол энд тэндээсээ “гэмтчихээд” байдаг болсон.
-Та монголчуудтай уулзмагцаа дараа хийх гоё ажил төлөвлөсөн гэсэн. Хамтарсан тоглолт зохион байгуулах уу?
-ОХУ-д алдартай “Алтайский замок” буюу “Алтайн цайз” хэмээх амралт сувиллын маш гоё цогцолбор байдаг. Түүнд Монгол, Оросын хөгжимчдийн, ялангуяа залуу уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хийнгээ амарч, сувилуулбал их сайхан санагдсан. Ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ.
-Та яагаад хөгжимчин болсон юм бэ?
-Хувь заяа л гэж хэлнэ дээ.
-Хэдэн настайгаасаа хөгжимтэй нөхөрлөж байна?
-Тав.
-Залхмаар биш үү?
-Ийм гоё ажлаас уйдах хүн байх уу. Манай хөгжимчдийн багийг Монголд авчирсан байгууллагын нэрийг дурдаж талархаж байгаагаа хэлж болох уу. Зам үйлдвэрлэлийн “Автобан” гэдэг компани бий. Манай улсад хуучных шиг меценатство буюу бусад салбарын хөрөнгө чинээтэй хүмүүс урлаг, соёлын арга хэмжээ, уран бүтээлчдийг дэмждэг сэтгэлгээ сэргэж байгаа. Үүний нэг илрэл нь урлагт ямар ч хамаагүй үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага юм. Хүмүүс хоорондын найрсаг харилцаа, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
-Бололгүй яах вэ. Манай улсад цөөн ч гэсэн тийм байгууллага байдаг.
С.В.Судзиловский: Ийм гоё ажлаас уйдах хүн байх уу | ||
Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.