Шууд Chart

А.Сүхбат: Би энэ зун сумынхаа наадамд зодоглоно

2019-04-04 13:04:19

Боловсрол телевизээр гарч буй “3 сая инээд” шоуны ялагч А.Сүхбаттай уулзлаа. Түүнтэй үзэгчид “Жүүс, шүүс, зууш” гэдгээр нь илүү танил болсон. Харахад, ярилцхад л инээд хүрмээр түүнтэй ийн ярилцав.

-Дээрх шоунд оролцсоны чинь дараа чамайг нэлээн олон хүн таньдаг болсон байна уу?

-Харин тийм. Зургаа авхуулья гээд л. Нэрээр ч дуудахгүй “Хөөе жүүс, шүүс, зууш аа” гэнэ. Уг нь би нэрэндээ аймар их хайртай байхгүй юу. А.Сүхбатаа гэвэл гоё шд.   

-Аав, ээж тань чамайг төрөхөд Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатын нэрийг сонгосон гэсэн үү?

-Тийм. 2001 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд айлын том хүү болон мэндэлсэн. Надад нэр хайрлах үед Цагаан сарын барилдаан телевизээр гарч байхыг хараад гэрийнхэн маань билэгдэлээ бодож, шөвгийн дөрөвт үлдсэн бөхийн нэрсийг будаанд хийж, шигшихэд А.Сүхбат аваргын нэр гарч ирсэн гэдэг. Ингээд л би ийм нэртэй болсон юм даа.

-Мөн чамайг барилдах дуртай. Бөхийн гутал худалдаж авахын тулд энэ шоунд оролцсон гэж сонссон ...

-Тийм. Багаасаа л ноцолдох дуртай байсан. Мөн цэргийн хүн болох. Өмнө нь би нэг Монгол гуталтай байсан ч урагдчихсан. Тиймээс нэг сайхан гуталтай болох зорилгоор энэ шоунд оролцсон. Манай сургуулийнхан ч намайг их дэмжсэн. Тус шоуныхан өнөөдөр мөнгөө шилжүүлнэ гэсэн. Дансаа шалгаж байгаад шилжүүлсэн байвал өнөөдөр гутлаа авна аа. Шилжүүлээгүй бол хүнээс мөнгө зээлж ч магадгүй.

-Танай гэр бүлийнхэнд бөхийн удам бий юу?

-Манай аав том биетэй хүн байсан гэсэн. Намайг мэдээ ороогүй байхад бурхан болсон гэсэн. Мөн ах нар цол хүртэж байгаагүй ч сум болон өсвөрийн барилдаанд гурав, дөрвөн удаа түрүүлсэн гэсэн. Харин өвөөгийн хөвгүүд буюу миний ах нар цэргийн албанд татагдсанаасаа хойш барилдахаа больсон юм билээ. Би өвөөгийнхөө дэргэд малын захад өссөн. Аарский гэж миний өвөө. Би өвөөгөөрөө овоглодог юм.

-Тэгвэл чи л бөх болох хэрэгтэй юм байна даа. Энэ зун сумынхаа наадмаар зодоглох уу?

-Зодоглоно. Гэхдээ би бөхийн спортод нэг их шамддаггүй ээ. Миний туйлын зорилго цэргийн хүн болох. Манай Батлан хамгаалахын их сургууль цэргийн, энгийн гэж хоёр хуваадаг. Хоёрдугаар курсээ төгсөөд хичээлээ сайн хийж байгаад цэргийн ангилалд нь орохгүй бол дөрвөн жил сурсны дараа зүгээр л энгийн инженер болчихвол сонин шүү дээ. Гэвч хичээлийнхээ цагийг зохицуулаад бөхийн спортоор хичээллэхийг хүсч байгаа. Шинэ гуталтай ч болчих юм чинь /инээв/. 

-Чамайг танай ангийнхан олон авьяастай гэх юм билээ?

-Хөлбөмбөг тоглох, шүлэг зохиох, илтгэл тавихаас гадна хүндийн өргөлтөөр хичээллэж байсан. Ер нь бүгдээс нь бүс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байлаа. Мөн жүжиглэх дуртай.

-Гэхдээ чи “Ж, Ч, Ш” үсэг хэлэхдээ муу юу?

-Уг нь гайгүй. Хурдан хэлэхдээ л ойлгомжгүй болгочихоод байдаг юм.

-Чамайг багаасаа хөдөлмөрч хүүхэд байсан гэдгийг дуулсан ...

-Тийм. Долдугаар ангиасаа блокны үйлдвэрт ажиллах, ууттай цемент зөөх, шороо хүрздэж буулгах гэх мэт ажил хийж хичээлийнхээ хэрэгслийг авахаас гадна өөрийгөө хувцаслана. Намайг хэн нэгэн “Энэ ажлыг хий” гэж шаардаагүй. Би л өөрөө хөдөлмөрлөж үзье гэж бодсон юм. Миний анхны цалин 400 мянган төгрөг байсан. Ажлын хөлс гээд мөнгө авахаар хүн их урамшдаг юм билээ.

-Мөн гарын уртай гэж дуулсан ...

-Тийм. Энэ жилээс хийж эхэлсэн. Нутгийн маань ах “Батдэлгэрэх өргөө” нэртэй гэрийн унь, багана хийдэг цехтэй. Намайг “Ахдаа тусалж дэмжээд халаасны хэдэг төгрөг авч байхгүй юу” гэсэн юм. Надад сайхан хандаж, тусладаг хүн дээ.  

-Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсэе. 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Сүхбат: Би энэ зун сумынхаа наадамд зодоглоно  
Үзсэн: 8073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-05 09:49
Бөхөө хаяж болохгүй шүү Сүхбат аварга ивээлдээ авах ч юм билүү амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-04-05 00:18
Сэтгэл цагаан итгэл дүүрэн зөв бодолтой гэгээн мөрөөдөлтэй сайхан хүүхэд бнаа Энэ хүүг харж нийтлэлийг уншиж байгаа эцэг эхчүүд минь хайртай хүүхдүүдээ энэ хүү шиг бодолтой сэтгэл зөв хөдөлмөрч бие даасан хүн болгоорой Одоо үед бид үр хүүхдээ хайрлах нэрээр хүн шиг хүн байх гэгээн сэтгэлийг устгаад байгаа юм шиг санагддаг Хамгийн гол нь тэвчээр хатуужилтай хөдөлмөрч бүтээлч зорилготой сэтгэл зөв хүн болгоод л өсгөвөл тэр бидний бэлдэж өгөх гэж үйл тамаа бардөг орон байр машин гээд эд хөрөнгө гээд бүх юю тэгтэлээ чухал биш юм шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-04-04 18:07
Амжилт хүсье хүн чанараа хадгалж яваарай
Зочин [127.0.0.xxx] 2019-04-04 16:14
Эх орондоо үнэнч сайн цэргийн дарга болоорой. Сайхан амьдрал зөвхөн чамаас 90% шалтгаална шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-04 15:40
Mundag huu bainoo
Зочин [127.0.0.xxx] 2019-04-04 14:24
daruuhan ajil goldoggui mundag huuhed hurdan gutalaa awaarai amjilt husey A. Suhbataa

Бидэнтэй нэгдээрэй