Шууд Chart

Сэлэнгэ аймгийн малчдын зөвлөгөөн боллоо

2019-04-05 11:06:53

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аймгийн ЗДТГ, ХХАА-тай хамтран малчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж  газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх боломжуудын талаар хэлэлцлээ.

Уг арга хэмжээнд багийн засаг дарга нар болон ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, малчид нийлсэн нийт 350 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Тус аймаг нь газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад тэргуулэх байр суурийг эзэлдэг  иймээс ч тус аймгийн 17 сумыг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан билээ. Үүнээс гадна малчдын өмнө тулгарч байгаа гол хүндрэл нь малын бэлчээрийн талбайгүй болж  байгаа асуудал юм.

1990-ээд оноос өмнө буюу социализмын үед тус аймагт жилд дунджаар 300 гаруй мал тоологддог байсан бол сүүлийн жилүүдэд малын тоо толгой огцом өсч 1,5 сая гаруй  мянгад хүрэх болсон байна.

Энэ нь бэлчээрийн даац хэтрэх үндсэн шалтгаан болж байгаагаас гадна газар тариалан, уул уурхай, дэд бүтэц сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжих болсон нь  малын бэлчээр хомсдоход хүрч байгаа төдийгүй ургацанд ч сөрөг нөлөө үзүүлэх болжээ.  Эдгээр асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж олох, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх болон малчдын өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн  шийдвэрлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

Зөвлөгөөн  газар тариалангийн бүс нутагт тохирсон эрчимжсэн болон хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх замаар хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчин болон мал бүхий иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бололцооны талаар болон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг тогтоох, хэрэгжүүлэх зэрэг  асуудлуудыг авч  хэлэлцсэн юм.

Уг арга хэмжээ нь малчдад  төр засаг, аймаг орон нутгаас баримталж буй бодлого, цаашдын зорилт, боломжуудын талаар тодорхой мэдээ, мэдээлэл авах, харилцан туршлага судлах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой боллоо.

Ер нь малын тоо, чанарын өөрчлөлт малыг эрчимжүүлэх асуудлууд нь малчин эзний хариуцлага, дадлага туршлага, хичээл зүтгэлээс шууд шалтгаалдаг гэдгийг зөвлөгөөнд оролцогчид  ярьцгааж байсан юм.

Зөвлөгөөний төгсгөлд малчдад хандсан уриалга гаргаснаас гадна нэлээдгүй асуудлыг шийдвэрлэж чадсанаар уг арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэлэнгэ аймгийн малчдын зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй