Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө "Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймагт хоёр, Дорноговь аймагт нэг жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймгийг тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Аймгаас чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авч БХБЯ-ны зүгээс тавьсан шаардлага, нөхцөл хангаж буй 16 сумыг сонгожээ.
Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа. Ингээд энэ онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумыг шинэчлэхээр тогтлоо.
Сумын төвийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтыг батлагдсан төсөвт багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхийг Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн, Барилга, хот байгуулалтын сайд нарт даалгалаа.
“Сумын төвийн шинэчлэл” төсөлд хамрагдах сумдыг сонголоо | ||
Үзсэн: 2129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.