
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын “HBK” телевизийн ерөнхий захирал Марков Олег Олегович, тус телевизийн санхүү хариуцсан захирал Александров Александр Радомирович нарыг хүлээн авч уулзав. Тэдэнтэй “MNB Sport” сувгийн захирал Ц.Лхагвадаш, Азийн хүүхдүүд 2020 наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар байлцсан юм.
“HBK” телевиз нь Азийн хүүхдүүд наадмыг зургаа, өнгөрсөн жил Сахалинск мужид болсон хүүхдийн өвлийн наадмыг нэг удаа шууд дамжуулж, зохион байгуулж байсан туршлагатай.
Иймд "Азийн хүүхдүүд-2020" Олон улсын хүүхдийн спортын VII наадам ирэх 2020 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Улаанбаатар хотод болоход мөн адил олон улсад шууд дамжуулж, зохион байгуулах бөгөөд МҮОНРТ-тэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгав.
Энэ удаагийн уулзалтаар дээрх наадмыг хамтран дамжуулахад тулгамдах асуудал болон тоног төхөөрөмжийг хэрхэн бүрэн хангуулах талаар ярилцсан юм.
Энэ удаагийн Азийн хүүхдүүд наадам спортын 21 төрлөөр явагдах бөгөөд чухам хэдэн орны баг, тамирчин оролцох нь эцсийн байдлаар хараахан гараагүй байна. Гэхдээ зохион байгуулагчид 57 орны 3700 орчим тамирчин болон албаны хүн хүрэлцэн ирэх болов уу гэсэн таамаг гаргаад байгаа гэнэ.
Уг наадмыг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улсын анхны Ерөнхийлөгч Михаил Николаевын санаачлагаар 1996 онд анх зохион байгуулсан бөгөөд дөрвөн жилд нэг удаа бий болгохоор тогтжээ.
Сонирхуулахад, 2016 онд Саха Улсын Якутск хотод болоход Ази тивийн 40 орны 4500 гаруй өсвөрийн тамирчин спортын үндсэн 15, нэмэлт тав, нийт 20 төрөлд 10 өдрийн турш өрсөлсөн билээ.
Монгол Улсын хувьд уг наадмыг эхнээс нь идэвхитэй дэмжиж, зургаан удаагийн наадамд баг тамирчдаа алгасалгүй оролцуулж ирсэн агаад энэ наадмаас олимп, тив, дэлхийн шилдэг тамирчин болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар нар төрөн гарсан юм.
Нэмж хэлэхэд, тус наадам нь 2010 онд ОУОХ-ны олимпийн Зөвлөлийн ивээлд орж, 2011 онд ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлд авсан байна.




“Азийн хүүхдүүд-2020” наадмыг МҮОНРТ Саха Улсын “HBK” телевизтэй хамтран дамжуулна | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |