Шууд Chart

Ялалтын бэлгэ тэмдэг болсон морьдын хөшөөний эзэн эхнэртэйгээ хамтарч үзэсгэлэн гаргажээ

2019-04-09 09:53:20

Уран барималч А.Очирболд, уран бүтээлч Э.Халиунаа нар хамтран “Халдваргүй” уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болгож байна.

А.Очирболд дэлхийд “данс”-тай болсон манай цөөн уран бүтээлчийн нэг билээ. Түүний урласан Монгол морьдын хөшөө эх орны дайны ялалтын бэлгэ тэмдэг болж, ОХУ-ын нийслэл Москва хотноо заларсан бол орчин үеийн урлагийн “Ухамсар” бүтээл нь АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны гадна талбайд сүндэрлэж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнг хамтран гаргаж буй түүний гэргий Э.Халиунаагийн хувьд анхны үзэсгэлэн нь бөгөөд 20 орчим жил завсарласны эцэст ийнхүү өрөг урлагийн цоо шинэхэн бүтээлээ олонд дэлгэж буй нь юм.

Хөх болон саарал торон материал бүхий хамхуулуудаас бүтсэн уран бүтээлийн гол санаа түүнийх аж. Э.Халиунaa бүтээлийнхээ тухайд “Халдваргүй гэсэн болгон халдваргүй байдаггүй. Бид бүгд халдвартай. Бид бүхий л мэдрэхүйгээрээ халдварладаг, бас бусдад тараадаг. Бид бол халдвартай бас халдваргүй юм. Өөрөөр хэлбэл, муу зүйлийг сайхан болгож, сайхан юмыг муухай болгож харагдуулдаг нийгэмд бид амьдарч байна. Дээрээс харагдах хамхуулууд цахим ертөнцөд байгаа мэдээллүүдийг илэрхийлж буй. Сайн муу, үнэн зөв нь мэдэгдэхгүй, итгэхэд ч бэрх асар их мэдээлэл бидний дээр байна. Аливаа бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй гэсэн санааг энэ бүтээлдээ тусгасан” гэлээ.

Тэгвэл А.Очирболд барималчийн нэг бүтээл энэ үзэсгэлэнд тавигдсан нь төмөр тэрэг. Нийгмийн сэдэвт энэ бүтээлээ тэрбээр жилийн өмнө урласан аж. Хогийн цэг дээрээс цуглуулсан төмрийн хаягдлуудыг эвлүүлэн бүтээсэн энэ тэргэн дотроо дүүрэн хуушуур хийчихээд, өнгөрсөн зун “Шангри-Ла”-гийн үүдэнд “Хуушуур үнэгүй аваарай” хэмээн хашгирч явсан гэж байгаа. Энэ нь үйлдлийн урлагт хамаарагддаг бөгөөд хүмүүсийн араншинг шинжсэн энэхүү бүтээлээрээ аливаа бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүйг нотлохыг тэр хүсчээ.

Үзэсгэлэн ХААН Банк цамхагийн гуравдугаар давхарт байрлах “ХААН Галерей”-д олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ялалтын бэлгэ тэмдэг болсон морьдын хөшөөний эзэн эхнэртэйгээ хамтарч үзэсгэлэн гаргажээ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй