Шууд Chart

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын тоглолт энэ сарын 16-нд болно

2019-04-09 11:43:09

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч”  чуулгын тоглолт Монголын хүүхдийн ордонд энэ сарын 16-нд болно.

Хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулга эдүгээ 40 нас хүрч байна. Энэхүү чуулгын эх үндэс тэртээ 1960-аад оны дунд үеэс тавигдсан юм. Харин 1970-аад оны дунд үед Монголын радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор Т.Чимэддорж, хүүхдийн нэрт зохиолч М.Чимэд нар Нийслэлийн 39 дүгнээр дунд сургуулийг түшиглэн, тус сургуулийн багш Л.Галсандоржтой хамтран шинэчлэн байгуулж, тогтмол сургуулилттай, тодорхой урын сантай болгожээ.

Нэгэн түүх хэлэхэд 1979 онд НҮБ-аас зарласан “ОУ-ын хүүхдийн жил”-д тус чуулга БНУУ-ын Будапешт хотод олон улсын радиогийн дэргэдэх хүүхдийн найрал дууны наадамд оролцох урилга хүлээн авч, Монголын радиогийн хүүхдийн найрал дууныхан “Улаан бүч” нэртэйгээр 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй анх оролцож байв.

Өнөөдөр “Улаан бүч” чуулга нь Дэлхийн сонгодог бүтээлүүд, өөрийн орны болон гадаадын хөгжмийн зохиолчдын мөн улс үндэстнүүдийн ардын дуунаас бүрдсэн 100 гаруй дуу бүхий урын сантай болсон байна.

Монгол Улсын ардын жүжигчин Б.Зангад, Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин П.Ганбат, Б.Ганчимэг, дуучин С.Баттулга нарын зэрэг дуучин, найрал хөгжимчинтэй хамтран уран бүтээл хийсээр ирсэн нь тэдний нэгэн бахархал юм.

1979-1981 онд тус чуулгын багш, уран сайхны удирдагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж, хормейстерээр З.Оюун, 1982-2014 онд соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, концертмейстерээр О.Сарантуяа, Д.Янжин нар ажиллаж байжээ.  Харин 2014 оноос эхлэн залуу хормейстер У.Мөнхжаргал ажиллаж байна.

МҮОНРТ-ийн удирдлагууд “Улаан бүч” чуулгыг бэхжүүлэхэд онцгой анхаарах болсны дүнд, тэдний дэмжлэгтэйгээр 40 жилийн ойдоо зориулж “Хөгжмийн эгшигт хайрцаг”  хэмээх бүрэн хэмжээний цомог хэвлүүлсэн юм.

Оролцсон уралдаан тэмцээн

  • МПБ байгуулагдсаны түүхт 60 жилийн ойгоор зарласан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр. 1985 он
  • Ардын хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан зарласан эх орон, энх тайван, найрамдлын сэдэвт дууны уралдаанд тэргүүн байр. 1986 он. УГЗ, ТШ Д.Бадарчийн хөгжим, ТХШ Д.Сэнгээгийн шүлэг “Тагтаа” дуугаар.
  • БНХАУ-ын Тянь-Жин хотноо болсон Олон улсын хүүхдийн урлагийн наадамд амжилттай дуулж, олон орны хүүхдийн хамтарсан тоглолтод оролцлоо. 2000 он
  • БНХАУ-ын Шанхай хотноо болсон олон улсын хүүхдийн найрал дууны уралдааны тусгай байр, цом. 2004 он
  • МҮОНРТ-ээс санаачлан зохион байгуулсан “Алтан зул-2016” хүүхдийн шилдэг дууны бүтээл шалгаруулах уралдаанаас бага насны ангилалд шилдэг бүтээлийн шагнал. 2016 он.

Уран бүтээлээс:

  • Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Японы хүүхдийн “Тэнгэрийн элчийн дуу хоолой” хамтлагтай хамтарсан бүрэн хэмжээний тоглолт.
  • Дэлхийн 30 гаруй орны хүүхдийн дуунаас бүрдсэн цомогт 4 бүтээлээр оролцсон.
  • ТШ, УГЗ Г.Бирваа, МУСТА Г.Батаа “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт жүжгийг “Баян монгол” чуулгатай хамтран дуулж радиогийн алтан фондод оруулав.
  • ӨМӨЗО-ы цагаан сарын нэвтрүүлэг
  • Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн Шри Чинмой “Монгол”, “Энх тайвны гуйлт”  зэрэг бүтээлийг дууллаа.
  • П.И.Чайковский “Гилбэрийн хатан” дуурийн хүүхдийн найрал дуу
  • Телевизийн 3 кино концерт, 2 нэвтрүүлэг.
  • “Улаан бүч-20 жил” ойн хүндэтгэлийн тоглолт.
  • Нийслэлийн 377, 378, 379 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтууд, Эх үрсийн баяр, цагаан сарын нэвтрүүлгүүдэд тогтмол оролцдог.

Энэ удаагийн тоглолтонд 20 гаруй дуу дуулагдах бөгөөд онцолбол “Залгамж үеийн тэмүүлэл” магтуу дуу, “Тагтаа”, “Миний эх орон” магтуу дууны хэсэг, “Хоёр хоньчны дууль”-иас гадна шинэ уран бүтээлүүд нь эгшиглэх аж.

Мөн үе үеийн дуучид нь урилгаар оролцох юм байна.

Сонирхуулахад “Улаан бүч” чуулгын өмнөх үед өдгөө сонсогч бидний танил болсон “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Ганчимэг, Монголын хүүхдийн ордноор овоглосон С.Алтануяа нар төрөн гарсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын тоглолт энэ сарын 16-нд болно  
Үзсэн: 3468 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй