Шууд Chart

“Тамифлу” эмийг эмнэлэг, амаржих газруудад хуваарилан хүргүүлээд байна

2014-02-11 10:24:13

"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо. Хурлаар эх, нэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 7-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлуудаас танилцуулав. 
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт төрөлт 6447, амьд төрсөн хүүхэд 6487 байна. Гэрийн төрөлт 27 гарснаас аймагт 11, Улаанбаатар хотод 16 гарчээ. Өнгөрсөн хугацаанд жирэмсний болон төрөх үе дэх ноцтой хүндрэл 20 бүртгэгдэн, эмчилсэн нь хүндэрсэн эхийг амь насаа алдах эрсдлээс аварсан тохиолдлууд байлаа. 

Түүнчлэн ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Т.Эрхэмбаатар нийт хуралд оролцож буй эмч нарт “Том урагтай жирэмсэн эхийн төрөлт удирдах” чиглэлээр илтгэл тавьж, тодорхой зөвлөгөө өгсөн юм. Том төрөлт буюу 4 кг-аас дээш жинтэй хүүхэд төрөх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон нь эхийн хооллолт, цусан дахь сахарын өвчний далд хэлбэр төдийгүй нийгэм, эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг ч нөлөөлөх болсон. Өнөөдөр нийт төрөлтийн 15 хувь нь 4000 гр-аас дээш буюу том ураг төрж байна гэлээ.
 
Мөн H1N1-ийн халдварын талаар товч мэдээлэл хийсэн юм. Нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногоос H1N1, H3N2 болон В вирус зэрэг гурван төрлийн үүсгэгчтэй томуугийн дэгдэлт явагдаж эхэлсэн. Энэ нь амбулаторийн үзлэгийн 9-10 хувийг эзэлж, хэвтэн эмчлүүлэгчдийн 10-14 хувийг амьсгалын замын өвчний хүндрэл, уушгины хатгалгаа өвчин эзэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настан илүүтэй өвчлөх хандлагатай гэдгийг онцлон сануулав. Томуугийн дэгдэлт явагдаж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Тамифлу" эмийг аймаг, нийслэлийн ЭМГ, лавлагаа төвүүд, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудад хуваарилан хүргүүлжээ. Мөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд эмнэлгүүд ор нэмж ажиллуулах бэлэн байдлыг хангаж байгаа талаарх мэдээллийг өглөө.
 
Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан тус аймгаас харьяа эмнэлгүүддээ зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмжид 0-2 насны бүх хүүхдийг гэрийн идэвхитэй эргэлт хийн, шаардлагатай хүүхдэд гэрээр эмчилгээ хийхийг зөвлөсөн аж. Одоогоор 1367 хүүхдийг уг үйлчилгээнд хамруулжээ. Тэдний 14.8 хувь нь томуу, томуу төст өвчлөлтэй байсныг илрүүлж, эмчилсэн байна. 
Нийтэлсэн: Б.Баярт

“Тамифлу” эмийг эмнэлэг, амаржих газруудад хуваарилан хүргүүлээд байна   
Үзсэн: 3207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй