Шууд Chart

Малын үржил шимийг сайжруулах хэрэгтэй

2014-02-11 11:08:40

Сүүлийн үед мал зүйн салбарын мэргэжилтнүүд малынхаа тоо толгойг хиймлээр өсгөх биш түүнээс гарах, үржил шимийг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.   

2010 онд салбарын яамнаас бог малын  хээлтүүлэгчийн чанарт судалгаа хийсэн байна. Энэ судалгаагаар улсдаа ашиг шимээр тэргүүлдэг Баяд, Үзэмчин, Говь-Алтай, Байдраг үйлдвэрийн хонины ноосны гарц байвал зохих хэмжээнээсээ 210 граммаар буурсан ихэнх үйлдвэр аймгийн хонь ямааны амьдын жин арав хүртэлх хувиар багассан дүн гарсан байна. Тиймээс ашиг шим өгдөг үүлдвэр угсааны малаа мэргэжилтнүүдийн хяналтад авах хэрэгтэйг мал зүйчид онцолж байна.
 
Энэ талаар Монгол Улсын гавьяат мал зүйч н.Лхагвасүрэнгийн яриаг хүргэе.
-Энэ малын үржлийн ажил гэдэг бол зайлшгүй байх ёстой ажил юм. Нэг хэсэг бол орхигдчихсон байсан. Мал хувьчлагдсаны дараа малын үржлийн ажил зогсонги байдалд орчихсон. Энэ хугацаанд гэхдээ ашигтай тал нь юу гэхээр малын тоо толгой өссөн. Учир нь малын үржлийн ажил нь замбараагүй явагдсан. Замбараагүй байдлаар ингэж малын тоо толгой өсөх нь малын ашиг шимийг бууруулдаг.  Ингэхээр мах бэлтгэлэг нь багасаад байгаа юм. Одоо бол энэ асуудлыг зогсоож мал аж ахуйн мэргэжилтнүүдэд үржлийн асуудлыг хариуцуулах хэрэгтэй. Хойшлуулж болохгүй арга хэмжээ болоод байна. Малчид ч үүнийг сайн ойлгож байгаа.
 
Хийсэн судалгааныхаа дүгнэлтэд түшиглэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс тодорхой төсөв гарган сум бүрт 200-300 нийтдээ нэг мянга гаруй хээлтүүлэгчийг сонгон мэргэжилтний хяналтад авч бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, маллах малчны асуудлыг нь хүртэл шийдсэн байна. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Тиймээс ирэх онд аймаг орон нутгууд малынхаа үржил шимийг сайжруулахаар ямар ажил хийж байгааг тодрууллаа.
 
Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ-ын дарга  Б.Эрдэнэочир:
-Өмнөговь аймгийн Булган сум бол Говь Гурван Сайхан гэдэг ямаагаараа аймагтаа болон улсдаа алдартай. Энэ үүлдрийн ямаа бол амьдрах чадвар сайтай, ноолуурын гарц сайтай байдаг. Цаашдаа энэ Говь Гурван Сайхан үүлдрийг барьж байхын тулд төр засгийн дэмжлэг бол зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүлдрийг сайжруулах гэсээр байгаад яг тэр үндсэн Говь Гурван Сайхан гэдэг үүлдрийг барьж чадахгүйд хүр байна. Бог малын хээлтүүлэгчийг яг тэр үүлдрийн чанартай мал байлгана гэдэг их чухал юм.  
 
Манай улсын мал сүргийн тоо 50 саяд хүрсэн. Гэвч малаас авч буй ашиг шим жил ирэх бүр буурч байна. Тиймээс малын тоонд биш малын үржил шимийг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэж мал зүйчид үзэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Малын үржил шимийг сайжруулах хэрэгтэй   
Үзсэн: 2466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй