БНСУ болон АНУ-ын тал өчигдөр хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилтыг Умардын сүрдүүлгээс үл хамаарч энэ сарын 24-өөс ирэх дөрөвдүгээр сарын 18-ыг хүртэл зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ. Агаарын болон газрын, тэнгисийн цэргийн хүчний хамтарсан хээрийн сургуулилтад энэ жил Солонгосын талаас 200 мянга, АНУ-ын 7500 цэрэг оролцоно.
Гэвч жил бүр зохион байгуулагддаг цэргийн хамтарсан сургуулилтыг Умардын талаас эрс эсэргүүцэж, цуцлахыг шаардаад байгаа. Хэрвээ тэдний шаардлагыг эс дагавал хариу арга хэмжээ авах болно гэдгээ ч мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт Умардын талаас цэргийн хамтарсан сургуулилтыг “дайны бэлтгэл” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн өнгөрсөн ням гарагт тус улсад хоригдож байгаа АНУ-ын иргэн Кэннет Бэйг суллах асуудлаар төлөөлөгчөө илгээн хэлэлцэх АНУ-ын хүсэлтийг Умардын талаас цуцлаж, түүнийг хөдөлмөрийн хорих лагер руу шилжүүлсэн тухай мэдээлэл иржээ.
Гэхдээ АНУ өөрийн улсын иргэн Кеннет Бэй болон хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт хоорондоо хамааралгүй учир Умардын талын элдэв сүрдүүлэг, өдөөн хатгасан үйл ажиллагаанаас үл хамаарч сургуулилтаа эхлүүлнэ гэдгээ хатуу мэдэгдлээ. Гэвч энэ сургуулилт Солонгосын дайны үеэр хагацсан хоёр Солонгосын иргэдийг дахин уулзуулах уулзалттай давхцаж байгаа нь Умардын тал энэ уулзалтыг цуцлах эрсдэлд хүргээд байна. Уг нь Өмнөд болон Умард Солонгосын тал энэ сарын 20-25-ны хооронд Умардын Кумган уулын амралт зугаалгын бүст тус бүр 100 хүний бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулахаар тохиролцоод байсан юм. БНСУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар Умардын талд цэргийн хамтарсан сургуулилтыг эхлүүлэх тухай мэдээллийг өгсөн бөгөөд үүнээс хамаарч уулзалтыг цуцлахгүй гэдэгт найдаж байна гэсэн юм.
| Цэргийн хамтарсан сургуулилт эхэллээ | ||
| Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.