Шууд Chart

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар сургалт хийж байна

2014-02-11 13:55:37

Цагдаагийн ерөнхий газар, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, ор сураггүй  болсон, мөлжлөгөд өртсөн хүүхдийн төлөө олон улсын төв /ICMEC/-өөс хамтран 2014 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэдгээрийн төрөл, шалгах ажиллагаа, арга техник, хамтын ажиллагаа” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж байна.

Уг сургалт семинараар “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт интернет ашиглах”, “Гэмт этгээд түүний онцлог, төрөл, хэргийг шалгаж шийдвэрлэх”, “Хохирогч ба интернет”, “Сэжигтэн, гэмт этгээдээс байцаалт, тайлбар мэдүүлэг авах”, “Интернет сүлжээ, төрөл, холболт, цонх, интернет протокол (IP) буюу интернет хаяг, эзэмшигчийг тогтоох”, “Мэдээлэл солилцох”, “Чат буюу интернетээр харилцах, түүний онцлог”, “Олон нийтийн сүлжээ (facebook гэх мэт), тэдгээрийг ашиглан үйлдэгдэх гэмт хэрэг, аюулгүй байдал”, “Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хөнгөвчлөх техник технологи, стандарт” зэрэг олон сэдвүүдээр өнөөгийн дэлхийн хандлага, нөхцөл байдал, илрүүлэх арга тактик, нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх зэрэг асуудлуудыг танилцуулж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцож байгаа аж.

Сургалтад хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэгтэй тэмцэх, шалгаж шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан ажилладаг цагдаа, шүүх, прокурор, төрийн бус байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байна гэж ЦЕГ-ын
Хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн талаар сургалт хийж байна  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй