Шууд Chart

Хар тамхины хэргээр хоригдсон бүсгүй суллагдлаа

2014-02-11 14:00:57

Өчигдөр хар тамхи нууцаар зөөвөрлөсөн хэргээр Индонезийн шоронд есөн жил хоригдсон Австралийн иргэн 36 настай Шапелла Корби батлан даалтаар суллагдлаа. Түүнийг Бали арлын Керобокан шоронгоос суллах үед хэвлэл мэдээллийнхнийг түүнд ойртуулаагүй байна.
 
Тэрбээр 2004 онд Индонезийн аялал зугаалгын арал дээр ирэх үедээ биедээ хар тамхи нууж байсан нь ил болж 2005 онд тус улсын шүүхээс 20 жилийн ял сонссон юм. Гэвч тухайн үед өөрийгөө  гэм буруугүй, бусдын гэмт үйлдлийн хохирогч боллоо гэж мэдэгдэж байсан.  Түүний энэ хэрэг Австрали, Индонезид олны анхаарлыг татаж, түүнийг гэмгүй гэж үзэх хүмүүс ч олон байсан юм. Өнгөрсөн хугацаанд шоронд хоригдох үедээ хүмүүжил сайтай байсан гэдэг үүднээс 2012 онд Индонезийн ерөнхийлөгчийн өршөөлөөр түүний ялыг таван жилээр багасгасан ажээ.
 
Австралийн эрх бүхий байгууллага болон хоригдогчийн ар гэрийнхэн түүний хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байжээ. Харин өнгөрсөн баасан гарагт Индонезийн хууль зүйн яамны сайд Австралийн иргэн Корбиг батлан даалтаар суллах шийдвэрээ танилцуулсан байна. Энэ нь Индонезийн зарим иргэд болон хар тамхитай тэмцэгч бүлгийнхний эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэрээр ийнхүү ял эдлэж дуусах хугацаанаасаа өмнө суллагдсан ч 2017 оныг хүртэл Австрали улсад зорчих эрхгүй. Харин эгчийнхээ хамт Бали арал дээр амьдрах юм байна. Мөн Индонезийн өөр хотуудад зорчихоор бол холбогдох албанаас зөвшөөрөл авах ёстой гэнэ. Түүнчлэн Австралийн гадаад хэргийн сайд Индонезийн энэхүү шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.
 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хар тамхины хэргээр хоригдсон бүсгүй суллагдлаа   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй