Шууд Chart

Баянгол дүүргийнхэн хээрийн дадлага сургуулилтаа “Агро” паркад байршуулжээ

2019-04-25 16:40:44

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж байна. 

Өнөөдөр 07:00-09:30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулж буй.

08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхагуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларсан.

Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очиж байв.

Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянга гаруй иргэн гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарсан юм.

Үүний дараа дүүрэг бүр бие дааж, тусгайлан бэлдсэн талбайдаа газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дууриалган үзүүлэх дадлага сургуулилт үргэлжлэв.

Манай сайтын сурвалжлах хэсэг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Агро” паркад очиж сурвалжлага бэлтгэлээ. Тэнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа нарын зэрэг эрхмүүд оролцсон юм. Энэ үеэр дараах хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.

Ц.Ганзориг: Анхны сургууль болох үед бид иргэний хамгаалалтын системд байсан

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гамгаас хамгаалах тухай хууль 2003 онд батлагдаж, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Гамшгийн каманд штабын сургууль хамтран зохион байгуулж буй. Нийслэлийн хэмжээнд энэ сургууль 29 жилийн дараа хоёр дахь удаагаа болж байна. Анхны сургууль болох үед бид иргэний хамгаалалтын системд байсан. Энэ нь хими биологийн бактерлогийн зэвсэг үй олноор хөнөөгдөх зэвсэг, агаарын бөмбөгдөлтөөс ард иргэдээ авран хамгаалах зарчмаар хийгдсэн. Нэг үгээр хэлэхэд дайны нөхцөл байдлаар гэсэн үг. Тэгвэл Онцгой байдлын байгууллага байгуулагдаад 15 жил болж байгаа энэ үед анх удаа нийслэлийн хэмжээнд ийм том арга хэмжээг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хэмээн нэрлэж байна. Тодруулбал хэлж биш хийсч ирдэг газар хөдлөлт, үер, түймэр гэх мэт байгалийн гамшигт үзэгдлээс иргэдээ хэрхэн хамгаалах тухай юм. Ийнхүү Баянгол дүүргийн удирдлагууд “Агро” паркад кемп буюу түр шилжүүлэн байрлуулах байр байгуулж, иргэддээ хэрэгцээтэй зүйлсээр хангажээ. Анхных нь дайны нөхцөл байдлын сургууль байсан болохоор түр хоргодох байр гэдэг байлаа.

Б.Сүхбаатар: Маргааш аж ахуйн нэгж байгууллагуудын  удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбаатар.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өчигдөр эхэлсэн бол маргааш өндөрлөнө. Өнөөдрийн хувьд иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа болж байна. Иргэд маань өглөө түр цуглах талбайд гарсны дараа дүүргийнхээ орон байргүй иргэдийг нүүлгэж энэхүү хотхонд байрлуулаад байна. Хоёр байршлаас тус бүр 200 хүн нүүлгэн авч ирсэн. Энэхүү хотхонд иргэддээ наад захын шаардагдах эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хэсэг, орон байр, дулаан хувцас, шатахуун түгээх станц, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, улаан загалмайн нийгэмлэг гэх мэт байгууллага ч өөрсдийн зүгээс ажиллаж байна. Мөн хүүхдийн тоглоомын талбай, ариун цэврийн өрөө, халуун усны газар ч бий. Гэхдээ дүүргүүд болон орон нутгийнхан гурван жилд нэг удаа гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулдаг. Харин нийслэлийн хэмжээнд өнөөдрийнх шиг арга хэмжээ 29 жилийн өмнө анх удаа болж байлаа. Маргааш нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын  удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана.

 

 



























































Нийтэлсэн: У.Баярсайхан

Баянгол дүүргийнхэн хээрийн дадлага сургуулилтаа “Агро” паркад байршуулжээ   
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй