
“JCI” импакт салбар байгууллагын санаачилсан “Ulaanbaatar dream summit” төслийн хүрээнд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааныг 8, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд зарлажээ. Бүтээлийг энэ сарын 26-наас ирэх тавдугаар сарын 6 хүртэл хүлээн авах аж.
НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачилгатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах зорилгоор дээрх төслийг “JCI” импакт салбар байгууллага санаачилж, “Чанартай боловсрол-Ээлтэй хот-Иргэдийн оролцоо” уриан дор хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Энэхүү уралдааны зорилго нь сургуулийн орчин дахь эрсдэл, тэдгээрийг бууруулах арга замыг тодорхойлоход хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний оролцоотой эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлэх, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай оролцох, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцахад дэмжлэг үзүүлэхэхэд оршиж байна.
Зохион байгуулагчаар БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, “JCI” импакт салбар байгууллага ажиллаж байгаа юм.
Эсээ бичлэгийн сэдэв нь “Миний мөрөөдлийн сургууль” сэдвийн дор чөлөөтэй сэтгэж, бүтээлчээр хандахын зэрэгцээ дараах үндсэн асуултад хариулж баяжуулан бичнэ.
- Сургуульд ирэх, буцах зам чинь эрсдэлтэй юу? Ямар нэг эрсдэл байгаа бол түүнийг бууруулах боломж байна уу? Энэ талаар чи юу хийж чадах вэ?
- Сургуулийн орчинд учирч болзошгүй эрсдэл байна уу? Тийм бол түүнээс өөрийгөө яаж хамгаалах вэ?
- Эрүүл, аюулгүй суралцах орчин бүрдүүлэхэд юу дутагдаж байна вэ? Сургуулийнхаа орчныг ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
- Хэрэв танд сургуулийнхаа орчныг өөрчилж чадах боломж байвал хамгийн түрүүнд юуг өөрчлөх вэ?
- Анги хамт олон, багштайгаа хамтарч аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар юу санаачлан хийх вэ?
Тавигдах шаардлага нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсроход саад болж буй тодорхой асуудал дэвшүүлсэн байх, асуудлын шалтгаан, үр дагаврын уялдаа, холбоог гаргасан байх, асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах санаа дэвшүүлсэн байх, дүгнэлт гаргахдаа олон талын үзэл бодол, байр суурьд тэнцвэртэй хандсан байх, бодит кэйс, жишээ баримт ашиглаж, эсээг сонирхолтой болгосон байх, зөв бичгийн дүрмийн болон найруулга зүйн алдаагүй байх, ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байх, эсээгээ зураг, бүдүүвч, график гэх мэтээр баяжуулж болно гэж заажээ.
Эсээнд тавих техникийн шаардлага нь оролцогч нэг эсээ бичих, компьютерийн Word програмаар бичих, цаасны хэмжээ: А4, үгийн тоо: 600-800, үсгийн фонт: Arial, үсгийн хэмжээ: 12, мөр хоорондын зай: 1.5.
Бүтээлийг Impact.uds@gmail.com цахим шуудангаар хүлээн авах бөгөөд хувийн анкетад дор дурдсан мэдээллийг заавал оруулсан байх аж. Үүнд:
1) Хүүхдийн овог нэр;
2) Төрсөн он сар өдөр;
3) Хүйс;
4) И-мэйл, утасны дугаар;
5) Сургууль, анги, бүлэг;
6) Анги даасан багшийн нэр
7) Эцэг, эхийн холбоо барих утасны дугаар
Уг уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулах агаад эхний шатанд шилдэг 15 бүтээлийг ирэх тавдугаар сарын 10-нд шалгаруулж нийтэд мэдээллэх бол хоёр дахь шатанд шалгарсан шилдэг 15 бүтээлийн оролцогчийг 18-нд өөрийн эсээ бичлэгээр илтгэл тавьж, эцсийн шалгаруулалтад орох гэнэ.
Тэргүүн байр эзэлсэн сурагч 300, дэд байрынх 200, гутгаар байрынх 150, тусгай байрынх 50 мянган төгрөг, өргөмжлөл, медаль гардах юм байна.
Сонирхуулахад, шалгарсан шилдэг эсээ бичлэгээр ном хэвлэн гаргаж олон нийтэд түгээх аж.
“Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны бүртгэл үргэлжилж байна | ||
Үзсэн: 5061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.