Шууд Chart

Найрамдал хамтын ажиллагааны шинэ эрин

2019-05-06 16:50:49

Медиа ТУР-2019 

/Найрамдалт харилцааны 70 жилд цуврал №1/

1949 оны шаргачин үхэр жилийн намрын дунд сард БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны Сайд Маршал Хорлоогийн Чойбалсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төв Засгийн Газрын Гадаад Явдлын Яамны Сайд Чжоу Энь-лайд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох хүсэлт бүхий захидал илгээсэн байдаг. Уг захидлыг хариуг 1949 оны  10-р сарын 16-ны өдөр яг арав /10/ хоногийн дараа илгээжээ.

Тухайлбал, БНМАУ болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоох гэсэн танай засгийн газрын шийдвэрийн тухай таны энэ оны 10 дугаар сарын 6-ны өдрийн илгээлтийг миний бие БНХАУ-ын Ардын Төв Засгийн Газрыг төлөөлөн хүлээн авах завшаан тохиолдов. Хоёр улсын хооронд дипломат харилцааг дариухан тогтоох ба дипломат төлөөлөгчид солилцох явдалд халуун баярыг хүргэж байгааг үүгээр танд мэдэгдье. Таныг туйлын өндрөөр хүндэтгэж хүлээн авах ажаамуй...

БНХАУ-ын Ардын Төв Засгийн Газрын Гадаад Явдлын Яамны Сайд Чжоу Энь-лай. 1949 оны  10-р сарын 16-ны өдөр Бээжин хот...  гэсэн хариу захидлыг БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад Явдлын Яамны Сайд Маршал Х.Чойбалсанд гэж хаяглан ирүүлсэн байдаг.

/жоу Энь-лай хариу захидлын ноорог/

Монгол, Хятад хөрш хоёр орон олон зууныг дамнан эв эеийг эрж, ээдрээ нугачааг туулан харилцсаар ирсэн бөгөөд өнөөгийн найрсаг харилцааны үндэс суурь одоогоос далан /70/ жилийн тэртээд ингэж дипломат харилцаа тогтоосноор тавигдсан түүхтэй. Энэ үе бол их Хятад орон тусгаар тогтнолоо сэргээнэ мандуулсан үед буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан он жилүүд байлаа. Манай улсын зүүн хязгаар нутагт Японы түрэмгийлэгчид давшилж, Харандааны үзүүр зураг дээр Халхын голыг зурж, Хайлааст манханы оройгоор дарийн утаа суунаглаж /Ш.С/ байсан он цагууд, бас Баатар Тэгшээ, Даваадорж нарын баруун Алтай, Байтагийн ууланд байлдаж, Бүгд найрамдах улсаа хамгаалан тэмцэж байсан яг л тэр он жилүүдэд өмнөд хөршийн баатрууд амар амгалан суугаагүй гэдгийг өнөөдөр эргэн дурссу. Тиймээс эртний түүхт нутагтаа эзэн нь байхын төлөө энэ дэлхийн элгэн дээр энэлэн шаналан тэмцэлдэж байсан түүхээс бид өнөөдөр хуваалцаж байна. Тухайлбал найрамдалт харилцааны 70 жил, БНХАУ-ын байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй энэ онд “70 жилийн гэрч” уриа нэрийн доор  Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхэн хамтран мэдээ сурвалжлага, нийтлэл нэвтрүүлгийг бэлтгэж, олны сонорт хүргэхийн сацуу бас нэгэн түүхийн хуудас нэмж байгаа юм. Хоёр улсын сэтгүүлчид Хятад оронд ажиллаж, олон хотуудаар аяж, шинэ цагийн бүтээн байгуулалт хийгээд, түүхийн баринтаг болсон газар нутгуудтай танилцаж, аяны богц бялхаасан юм. Чингэхдээ дайн дажин ихтэй цөвүүн цагийн түүхийг хадгалсан хувьсгалын өлгий Янь-Ань хотоор аялж Хятадын их удирдагч Мао Зэдүн, Чжоу Энь-лай, Жү Дэ, Лю Шаочи зэрэг удирдагчдын 13 жилийн турш байлдан тэмцэлдэж, байрлан амьдарч байсан газар нутаг, түүхэн дурсгалын баримт сэлтийг үзэж судаллаа. Эдгээрээс Заоюань хувьсгалын буурь нь ихээхэн анхаарал татаж, сонин содон санагдаж байснаа нуух юун билээ. Цэрэг эрсийн бэлтгэл сургуулилтаас авахуулаад эх орны төлөөх олон түүхэн үйл ажил энд өрнөж байжээ. Мөн Коммунист намын долдугаар их хурлыг энд зохион байгуулан хуралдаж байсан гээд тоочоод байвал тус намын төв хороо болон, тухайн үеийн удирдагчдын тушаал шийдвэртэй холбоотой олон зүйлийг өгүүлж болно.  

Их Хятад орон бол газар нутгийн га хэмжээгээр ямархан том билээ гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч уул толгод бүхий ундуй сундуй буйдхан нутагт уулын суга ухан сүвлэж, ажил амьдралаа цогцлоож байсан байх юм. Энэ бүхэн өчигдөрхөн болсон мэт барилга байгууламж нь хэвээрээ байна. Энэ бүхнээс бүгдээс эргэлзэх зүйлгүйгээр тухайн үеийн түүх нь уншигдаж байна...

 

/Мао Зэдүний амьдарч байсан орон гэр болоод, ажлын байр.../

Манай Монгол улсын ард түмэн Халх голын дайн зөвхөн Халх голын дайн байгаагүй, Хайртан бүхнээ дайснаас өмөөрсөн хамаг ардын дайн байсан хэмээн үр хойчдоо сануулж, үл умартахыг хичээдэг билээ. Хятад улсын хувьд дээр дурьдсан хувьсгалын үеийг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг мөн үр хойчдоо уламжилж байдаг түмэн. Мөн түүгээр ч зогсохгүй, хувьсгалын өлгий болсон тухайн бүс нутгийг аялал жуулчлалын түүхэн дурсгалт бүс нутаг болгож, сая, сая жуулчдыг даллан хурайлсан үзэсгэлэн төгс хот болгожээ...

Дайн дажинт он жилүүдийг гэтэлж тусгаар улсаа байгуулсан гавъяат үйлсээ 1949 оноос хойш жил бүхийд л тэмдэглэж, баярлаж ирсэн улс. Монгол улс Ардын хувьсгалын ойн баяр, Орос улс эх орны дайны ялалтын баяр гэж тэмдэглэдэгийн адил. БНХАУ-ын түүхэн хувьсгалын таван /5/ жилийн ойн баяр 1954 оны хөх морин жилд тохиоход манай улсаас Монгол төрийн мэргэн өвөө БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу ойн арга хэмжээнд оролцож, их удирдагч Мао Зэдүнтэй тухайлан уулзаж баяр бахдалыг нь хуваалцсан байдаг. 1954 оны 9-р сард өрнөсөн энэ их баярт манай Ж.Самбуу дарга сэтгэл дүүрэн оролцоод буцахдаа: “Монгол Хятадын ах дүү ёсны найрамдал манай хоёр ард түмний зол жаргал ба тусын тул улам хөгжин бэхжитүгэй, Дэлхий дахинд энх тайван мандтугай...” гэж уриалан хэлсэн байдаг. Монгол хүн бүрийн оюун санаанд гүн хүндэтгэлтэйгээр мөнхөрсөн Монгол төрийн мэргэн өвөө Жамсрангийн Самбуугийн ерөөлөөр эдүгээ цагт хоёр улсын түмэн олон найрамдалт харилцааны далан /70/ жилийг ботилон байна. Айл саахалтын жудаг ёсоор эв эеийг эрхэмлэж, улс үндэстэн хоорондын харилцан туслалцаа улам бүр өргөжин тэлж, хөгжил дэвшилийн өөд бадран дэлгэрэх авай...    /үргэлжлэл бий./

 

 

 

МҮОНРТ-ийн сэтгүүлч Ө.Цогт-Эрдэнэ

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найрамдал хамтын ажиллагааны шинэ эрин  
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй