
Ёстой л хорьж болохгүй хорин насандаа дэлхийн дэвжээнд спортын ур чадвараа гайхуулж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон өдгөө үргэлжлэл болсон шавь нараа бэлтгэж буй хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Д.Нармандах нарын амжилтыг эргэн саная. Учир тэд Монгол Улсын тамирчдаасаа одоогоор хамгийн залуудаа доорх амжилтыг үзүүлсэн билээ.
Нямбаярын Төгсцогт (19 нас 9 сар найман хоног) “Лондон-2012” олимпийн (VIII.12-ны өдөр) боксын 52 кг-ын жинд Мамишзада (Азербайжан), Пикарди (Итали), Латипов (Узбекистан), Алоян (Орос) нарыг ялж, Рамирес (Куба)-т ялагдан мөнгөн медаль хүртсэн. Мөн тэрбээр “Милан-2009” ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн юм. 1992 оны зургадугаар сарын 23 буюу олон улсын олимпийн баярын өдөр мэндэлсэн бөгөөд өдгөө АНУ-д мэргэжлийн боксоор тулалдаж байна. Яг одоо 26 настай.
Хашбаатарын Цагаанбаатар (20 нас 4 сар 19 хоног) “Афин-2004” олимпоос (VIII.14-нд, дөрвөн жилийн дараа буюу “Бээжин-2008” олимпийн наадмын яг тэр өдөр Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон) жүдо бөхийн 60 кг-ын жинд Шах (Энэтхэг), Уильямс (АНУ), Чой Минь-Хо (БНСУ), Уэмацү (Испани) нарыг буулган авч, Номура (Япон)-д өвдөг шороодон хүрэл медаль хүртсэн билээ. Түүнчлэн 66 кг-д “Роттердам-2009” дэлхийд түрүүлж, “Токио-2010” ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн. 1984 оны гуравдугаар сарын 19-нд төрсөн (Энэ өдөр гавьяат гавъяат, боксчин Н.Энхбат мэндэлсэн), олимп, дэлхийн медальт, буудлага спортын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хань, дөрвөн хүүхэдтэй (ихэртэй), ТТГ-ын "Эрч" спорт хорооны дарга, 35 настай аав юм.
Доржпаламын Нармандах (20 нас 6 сар 19 хоногтой) “Атланта-1996” олимпод (VII.26-ны өдөр) жүдо бөхийн 60 кг-ын жинд Каравана (Португал), Донахью (Англи), Мухтаров (Узбекистан), Багиров (Беларусь) нарыг унаган, Номура (Япон)- д дийлдэж, хүрэл медаль хүртсэн байдаг. “Хошимин-1996” Азийн АШТ-ий анхны аварга. 1975 оны арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн тэрбээр ширээний теннисчин Оюун-Эрдэнэтэй гэр бүл болж өдгөө дөрвөн хүүгийн аав, ээж болсон билээ. Д.Нармандах өдгөө Орхон аймгийн "Хангарьд" клубын орлогч захирал, 44 настай алдартан юм.
20 насны босгон дээр дэлхийд нэрээ дуурсгасан Монгол тамирчид | ||
Үзсэн: 2648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.