Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва энэ сард өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагаар биечлэн очиж өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт алдаа дутагдалтай танилцан ажиллаж байгаа. Тэрбээр өчигдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллан 21 аймаг, олон улсын гурван хилийн боомтын хяналтын байгууллагын хамт олонтой цахим сүлжээгээр холбогдсон юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд 2067 албан хаагчтай ажил үүргээ гүйцэтгэж эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бодлого баримталж ажилласны үр дүнд бизнес эрхлэгчдэд ирэх хяналт шалгалтын дарамт буурсан байна. Хяналт шалгалтыг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлснээр 2012 онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо 6990-ээр багассан. Хяналтын хуудас хэрэглэснээр 2013 онд эрсдэл үүсэх магадлал 2.85 хувиар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос таван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт шалгалтын явцад 134005 зөрчил илрүүлж, 80.1 хувийг арилгуулсан аж.
Шадар сайд Д.Тэрбишдагва “Өнгөрсөн онд 1853 ажил төлөвлөж 1821 ажил хийсэн нь их тоо. Энэ хэдэн тооноос Мэргэжлийн хяналтын байгууллага Улс орны өмнө ямар том ачаа үүрдэг вэ гэдгийг харж болохоор байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад ард түмэн асар их итгэл өгч нөгөө талаасаа хариуцлага нэхэж буй. Цаашид хяналтаа илүү сайжруулж ажиллах ёстой. Дотоод хяналтын чиглэлээр 5000 гаруй зөвлөмж гаргаж, 9000 гаруй ажлын байр шинээр бий болгосон нь дэвшил юм” гэж онцолж, үүрэг даалгавар өгсөн юм. Уулзалтын төгсгөлд “Хаврын чуулганаар хяналтын тухай хууль өргөн барина энэ хууль батлагдана гэдэгт найдаж байна. Хууль батлагдсан ч батлагдаагүй ч хяналтын байгууллага хэвээр ажиллана. Татан буугдах тухай асуудал байхгүй. Төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай үзүүлэх үүргээ ухамсарлан ажиллахыг дахин сануулж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох зарчмаар ажиллана” гэсэн юм.
МХЕГ 134005 зөрчил илрүүлжээ | ||
Үзсэн: 1689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.