. Өмнөд болон Умард Солонгосын дайнаар хагацсан ах дүү хоёрын энэ зураг бүх цаг үеийн хамгийн алдартай гэрэл зургийн жагсаалтад багтдаг. Уг зургийг “Ройтерс” агентлагийн гэрэл зурагчин Ким Хо Ён 2010 оны аравдугаар сарын 31-нд Хойд Солонгосын "Кумган" уулын амралтын газарт авчээ.
Ах, дүү хоёр тэртээ 1950-1953 онд хоёр Солонгосын хооронд өрнөсөн цус асгаруулсан дайны уршгаар хагацсан аж. Хүн төрөлхтний хамгийн их цус асгаруулсан дайны нэгээр хоёр Солонгосын дайн зүй ёсоор тооцогддог. Солонгосын хойгт өрнөсөн энэ цуст дайны улмаас Солонгос улс Өмнөд болон Хойд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Гэвч энэ дайнаар хоёр Солонгосын аль нь ч хожоогүй гэдэг. Солонгос улс хоёр хуваагдахтай зэрэгцэн эхнэр нь нөхрөөсөө, эцэг, эх нь үр хүүхдээсээ, садан төрөл, найз нөхөд бие биеэсээ хагацаж, хилийн зурвасын хоёр талд хуваагдсан.
Харин Пхеньяны зүгээс хоёр Солонгосын харилцааг сайжруулахыг уриалсны дараа талууд тохиролцоонд хүрч, 1950-1953 оны дайны үеэр хагацсан мянга мянган гэр бүлийг уулзуулах арга хэмжээ зохион байгуулах болсон. Гэхдээ нэг удаагийн уулзалтад зөвхөн 100 гаруй хүн хамруулдаг бөгөөд гурван өдөр хамт байх эрхийг олгодог аж.
Дээрх гэрэл зурагт 2010 онд зохион байгуулагдсан уулзалтад хамрагдаж, хагас зуун жилийн турш холбоогүй явсан ах, дүү хоёр амьд мэнд дээрээ зүс зүсээ харж, гурван өдөр хамт байсны эцэст, баяр, харууслын нулимстайгаар салах ёс гүйцэтгэж байна. Энэ тэдний сүүлчийн уулзалт ч байсан байж мэднэ.
Сүүлчийнх байж мэдэх хагас зуун жилийн дараах уулзалт | ||
Үзсэн: 4523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.