
Монголын морин спорт уяачдын холбоо гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд-8" уралдаан ирэх долдугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэрлэжээ. Өмнөх уралдаануудыг нэг өдөрт багтаан хийдэг байсан бол энэ удаа шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадам гэсэн өргөн хүрээнд хоёр өдөр зохион байгуулахаар болжээ.
Ингэхдээ морьтны соёлын наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд гэсэн гурван үе шаттай зохион байгуулах аж.
ММСУХ -ны сумын салбар холбоод ирэх долдугаар сарын 5-7-ны өдөр сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач, бугуйлчаа шалгаруулах “Адуучин” тэмцээн болон морьтны жагсаал хийж, сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргах зэргээр сумын хэмжээнд зохион байгуулах гэнэ.
Сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээнд оролцох бол шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид ММСУХ-ноос “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадамд шууд оролцох урилгыг гардуулах юм.
Ийнхүү ирэх долдугаар сарын 15-17-ны өдөр аймгуудын төвд Монгол туургатны морьтны соёлын наадмаа хийж, аймгаас шалгарсан нэг адуучин “Их хурд-8” уралдаан, Монгол туургатны морьтны соёлын наадмын шигшээ тэмцээнд оролцох юм байна.
“Ингэснээр зуны дэлгэр цагт аялж яваа гадаад, дотоодын жуулчид аль ч сум аймагт очиход Монголчуудын мянга мянган жилийн түүхтэй морьтны соёлыг үзэж баясах таатай боломж бүрдсэнээрээ үндэсний хэмжээний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болно” гэж ММСУХ-ныхон үзэж байна.
Энэхүү ажлыг ММСУХ-ны сум, аймгийн салбар холбоод орон нутагтаа хариуцан зохион байгуулах гэнэ.
Ийнхүү энэ удаагийн “Их хурд” уралдаанаар зөвхөн газар газрын хурдан хүлгийн шандас хурдыг хараад зогсохгүй адуучин залуусын ид хав, айрагны чимчигнэсэн амт, сайхан морьтой хос, морины эдлэл хэрэглэлийн ур хийц, чанар чансааг шагшин бахдах нь ээ.
"Их хурд-8" уралдаанаар морьтны соёлыг гайхуулна | ||
Үзсэн: 1455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.