
Монгол Улсын гавьяат жүжигчин В.Оросоо агсны мэндэлсний 80 насны ойд зориулсан “Алтан үеийн аялгуу” хэмээх хүндэтгэлийн тоглолт энэ сарын 17-нд болно.
Уг хүндэтгэлийн тоглолтын талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, С.Ганзориг, дуучин Л.Баяр-Эрдэнэ нар мэдээлэл өгөв.
Л.Баяр-Эрдэнэ хэлэхдээ “В.Оросоо гавьяатын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд түүний үр хүүхдүүд олон сайхан ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Алтан үеийн аялгуу 2” хос цомог юм. Уг цомгийн нэгэнд нь түүний дуулсан уран бүтээл багтсан бол хоёр дахь цомогт түүний дууг бусад уран бүтээлчдийн дахин сэргээн дуулсан нь багтсан. Хос цомгийн нэрийн хувьд эхний цомгийг одоогоос 20 жилийн өмнө буюу 1999 онд 60 насны ойд нь зориулан гаргаж байсан” гэв.
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригийн хувьд 1960, 1970-аад оны нийтийн дууны ноён оргил В.Оросоо агсны уран бүтээлээс дахин сэргээн дуулдаг уран бүтээлч. Тэрбээр “Монголын маань алтан үеийн “алтан” хоолойтой дуучин бол В.Оросоо агсан. Анх намайг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад дуучин болоход манай ахмад уран бүтээлчид “Манай В.Оросоо гавьяатын залгамж халаа гарч ирлээ” гэж хэлж байсан. Миний хувьд энэ сайхан уран бүтээлчээрээ овоглон, дууг нь дуулж яваадаа баяртай байдаг. Миний анхны тоглолт 2008 онд “Миний Улаанбаатар” нэртэйгээр Монгол бөхийн өргөөнд болж байсан. Ард түмэн маань ч гайхалтай сайхан хүлээж авсан“ гэв.
Гавьяат жүжигчин В.Оросоо агсны зориулсан хүндэтгэлийн тоглолт болно | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.