Шууд Chart

“Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээ маргааш болно

2019-05-16 13:22:39

Олон улсын музейн өдөр маргааш тохиож буйтай холбогдуулан Улаанбаатар хотын музей, “Зориг” сангийн залуу манлайлагч хөтөлбөрийн “Улаанбаатар музей төсөл”, “1vs100 Label” байгууллага хамтран “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Уг өдөр “Улаанбаатар музей төсөл”-ийг санаачлагчид төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулангаа музейн хамт олонтой хамтран сонирхолтой хэлбэрээр боловсролын хөтөлбөрүүд, уран бүтээлчдийн үзүүлбэрүүд, бас хөгжмийн шоу зохион байгуулах юм. Үүнээс гадна “Монгол-Америк” хүүхдүүдийн зургийн хэцний үзэсгэлэнг үзэж, зургийн агуулга, өгүүлэмж, зурсан арга барил, зохиомж, дүрслэл зэргийг боловсролын ажлаар хийсэн бүтээлтэйгээ харьцуулан үзэх боломжтой юм.

Энэ арга хэмжээний чухал хэсэг болох “Би хотын иргэн” боловсролын ажлын талаар товч танилцуулъя. Улаанбаатар хотын музейгээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Би хотын иргэн” боловсролын ажлын хөтөлбөрийг 2014 онд боловсруулж, одоогийн байдлаар 26 ерөнхий боловсролын сургуулийн 3100 гаруй хүүхдийг хамруулаад байна.

Энэхүү боловсролын ажлын гол зорилго нь хүүхдүүдэд Улаанбаатар хотын түүх, соёлын талаарх мэдлэг, мэдээллийг танин мэдэхүйн сонирхолтой, хөгжөөнт байдлаар олгох бөгөөд дотроо Улаанбаатар хотын түүх, соёл, бүтээн байгуулалт, бусад гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг.

Олон Улсын музейн өдөрт зориулсан “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээний нэг хэсэг болсон “Би хотын иргэн” боловсролын ажлыг хүүхэд багачууд, оюутан залуус, гэр бүл, нээлттэй гэсэн дөрвөн чиглэлээр тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.

Боловсролын ажилд хэрэглэгдэх бүх материалуудыг музейгээс урьдчилан бэлтгэсэн бөгөөд уншигч та хүүхэд, гэр бүлээ дагуулан ирж, Улаанбаатар хотын тухай өөрсдийн төсөөллөө бүтээл болгон хувиргах боломжтой аж.

Хамтран ажиллах “Зориг” сангийн "Залуу манлайлал" хөтөлбөрийн залуус "Улаанбаатар музей төсөл"-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд залуу манлайлагчид төслийнхөө хүрээнд музейн засварын санхүүжилтийг босгох ажил хийхийн сацуу олон нийтэд хотынхоо музейг, түүх соёлыг таниулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээ маргааш болно  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй