Шууд Chart

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино гурав дахь шагналаа хүртжээ

2019-05-17 09:25:14

Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмч өдөрт 10-100 км зам туулж, өдөр шөнө, өглөө орой, өвөл зуны улирал үл хамааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тухай “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино өгүүлнэ.

Монгол ахуй, соёлыг харуулсан уг баримтат кино нь өнгөрөгч оны аравдугаар сард Холливүүдийн Олон улсын баримтат кино наадамд "Шилдэг оюутны кино" төрөлд түрүүлсэн билээ. Мөн 2019 оны хоёрдугаар сард 91 дэх удаагийн Оскарын кино наадамд өрсөлдсөн тухай мэдээлсэн.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө АНУ-д зохион байгуулсан “Jim Thorpe” Олон улсын кино наадамд дахин “Оюутны шилдэг баримтат кино”-гоор шалгарчээ.

Уг бүтээлийн найруулагчаар Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар магистрийн зэрэг хамгаалсан Б.Март ажилласан бөгөөд тэрбээр энэ удаа шагналаа очиж, гардан авч амжаагүй ч баярт мэдээгээ хуваалцлаа.

Баримтат киноны зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нарын уран бүтээлчид ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино гурав дахь шагналаа хүртжээ  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй