
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд “Олимпийн медалтнуудын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселона олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хүлээн авч уулзсан билээ.
Тодруулбал, уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1976 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, 1988 оны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, 1996 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид ирсэн юм. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-ууган, 2008 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцсон юм.
Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш 2018 онд 50 жилийн ой тохиосон.
Тиймээс “Олимпийн медалтнуудын холбоо”-ноос 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулсны нэг нь олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг танилцуулсан явдал байлаа.
Уг мөнгөн зоосонд Мексик Улсын Мехико хотноо болсон зуны олимпийн 19 дүгээр наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат, хүрэл медаль хүртсэн, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин Т.Артаг нараас эхлээд хожмоо олимпийн тэнгэрт төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа өргөсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэр-Дамба, О.Гүндэгмаа, паралимпийн аварга Д.Баатаржав нарын хөрөг хэвлэгдээд байна.
Уг зоос нь тус бүр нэг килограмм жинтэй, 999 сорьцтой гэнэ.
999 сорьцтой мөнгөн зоосонд дүрээ мөнхөлсөн олимпийн хүчтэнүүд | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.