Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хөгжлийн газрын захирал С.С.Шухно тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна.
Өнөөдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хоёр талын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн, уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтарсан Ажлын хэсгийн 3 дугаар хуралдааныг энэ оны 10 дугаар сард Москва хотноо зохион байгуулахаар тохиролцсоны сацуу хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчдийн уулзалтыг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Евразийн эдийн засгийн комиссын төлөөлөгчид ирэх өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцох юм.
Евразийн эдийн засгийн холбоо нь Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армен зэрэг 5 орныг бүрэлдэхүүндээ багтаасан бүс нутгийн томоохон эдийн засгийн интеграцийн байгууллага юм.
Евразийн эдийн засгийн комиссын Интеграцийн хөгжлийн газрын төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.