Шууд Chart

“Бардам туулай” жүжгийг ирэх зургадугаар сарын 1-нд тоглоно

2019-05-22 13:04:46

УДЭТ-ын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг ирэх зургадугаар сарын 1-нд тоглохоор болжээ.

С.Михалковын тус бүтээлийг анх Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна.

Хөшиг нээгдэн тайзнаа намуухан ая эгшиглэн ойн мод, ан амьтад нойрноосоо сэрнэ. Ойн цоорхойгоос чоно, үнэг, баавгай гарч ирэн гитар, бөмбөр тоглон ойг сэрээн хөгжилтэй дуугаа дуулцгаана. Хөгжилдөн цэнгэсэн зальт шар үнэг, чоно хоёр нийлэн баавгайг “Бал үнэртээд байна уу даа” хэмээн ойн гүн рүү хуурч явуулаад удахгүй болох үнэгний төрсөн өдрөөр хамтдаа оройн зоог барин тэмдэглэхээр тохиролцоно. Үнэг чоноос салан хоол хайж яваад анчны суманд өртөх шахна. Гэхдээ тэрбээр энэ удаад овсгоотойгоор бултан зугтах бөгөөд анчин хоосон хоцорно. Ангаа алдсан анчин түр алжаахаар модны дор хэвтэн нам унтчихна. Энэ үед ойн цоорхойд хоёр туулай гарч ирэн хэрхэн үнэг чихнээс нь барих шахсан тухай ярилцаж байгаад гэнэт анчныг олж харан зүрх нь зогсох шахан айна. Өнөөх үнэгэнд бариулах шахсан аймхай туулай анчнаас үхтлээ айсан ч гэнэт бууг нь олж харан түүнийг авахаар зүтгэнэ. Түүнийг эгч туулай нь хорьсон ч дийлдэггүй. Ингээд аймхай туулай буутай болсноор хэрхэн Бардам туулай болж байгааг “Бардам туулай” хүүхдийн жүжгээс үзэж сонирхоорой.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бардам туулай” жүжгийг ирэх зургадугаар сарын 1-нд тоглоно   
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй