Гадаад харилцааны яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Албаны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үйл явцыг эхлүүлэх зөвлөлдөх уулзалтыг 2019 оны тавугаар сарын 28-ны өдөр "Туушин" зочид буудалд зохион байгуулна.
Зөвлөлдөх уулзалт НҮБ-аас баталсан Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчимд тодорхойлсон бизнесийн үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хүндэтгэх бизнесийн хариуцлага болон хохирогчдод зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үр нөлөөтэй механизм бүрдүүлэх төр, бизнесийн хамтын үүрэг хариуцлагын хүрээнд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой. Уулзалтад төр, бизнес, иргэний нийгмийн 100 гаруй төлөөлөгч оролцоно.
Зөвлөлдөх уулзалтын үеэр болох хэлэлцүүлгийн дүнг Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах бөгөөд төлөвлөгөө боловсруулах ажлыг Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулсан олон талын оролцоотой Ажлын хэсэг гүйцэтгэх юм.
Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө гаргах ажил нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтууд, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэхэд бодит түлхэц болохоос гадна бизнест хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгнө гэж үзэж байна.
Бизнес ба хүний эрхийн асуудлаар зөвлөлдөх уулзалт болно | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.