Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар “Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” сэдвээр тусгай арга хэмжээг Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр буюу 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.
“НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол Улс анх удаагаа сонгогдож, 2019 оны 1 сараас ажиллаж эхэлсэн. Тус зөвлөлд Ази, Номхон далайн бүлгээс сонгогдон ажиллаж буй Бангладеш, БНЭУ-тай хамтран бүс нутагт идэвхтэй оролцоогоо хангах, тулгарч буй бэрхшээлийг даван туулах сайн туршлагаа хуваалцахад арга хэмжээний зорилго чиглэгдсэн болно.
Тусгай арга хэмжээнд 50 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана нар оролцож үг хэлэв. Мөн уг арга хэмжээний үеэр “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагын бүсийн төвийн орлогч захирал Анна-Карин Ятфорс Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилтийн явц, бүс нутгийн зарим сайн туршлагыг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Бангладеш Улсын Сангийн яамны Эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Абдул Баки, Бангкок дахь БНЭУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Аббагани Раму нар оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр тэдгээр орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, тулгарч буй бэрхшээл, сайн туршлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярив.
“Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Комиссын чуулганы үеэр жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг явуулсан нь чухал ач холбогдолтой боллоо.
“Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, Ази, Номхон далайн бүс нутагт Тогтвортой хөгжлийн 5 дугаар зорилтын хэрэгжилт” арга хэмжээ болов | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.