Шууд Chart

Майк Помпео: АНУ Ирантай ямар нэг болзол нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн

2019-06-03 11:10:25

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Швейцарьт болсон хэвлэлийн хурлын үеэр Ираны талтай урьдчилсан болзол нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэрбээр “АНУ Ираны Засгийн газрын хортой үйл ажиллагааг сууриар нь өөрчлөхийн тулд үргэлжлүүлэн ажиллах болно” гэж хэлсэн байна.

Харин Ираны талаас яриа хэлэлцээ хийх тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын саналаас татгалзаж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын "Эй Би Си" агентлагт өгсөн ярилцлагадаа Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “Энэ яриа хэлэлцээ АНУ-ын Тегеранд үзүүлж байгаа дарамт шахалтын нэг хэсэг болох учраас ийм уулзалт болохгүй байх” гэж ярьсан байна.

Гэхдээ хоёр тал уулзаж яриа хэлэлцээ хийх талаар Ираны Ерөнхийлөгч Хасан Руханы анх ам нээснийг зарим хэвлэл сануулж байна. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт “Вашингтон хүндлэл үзүүлсэн тохиолдолд яриа хэлэлцээ хийх хүсэл Иранд төрж болох юм” гэж ярьсан байна.

Ираны Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн талаар сэтгүүлч АНУ-ын Төрийн нарийн бичгээс байр суурийг нь лавлахад “Бид урьдчилсан болзолгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж Майк Помпео хариулжээ. 

Цөмийн гэрээ, эдийн засгийн хориг шахалттай холбоотойгоор хоёр улсын харилцаа өнгөрөгч тавдугаар сараас хойш улам хурцдаад байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео: АНУ Ирантай ямар нэг болзол нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй