
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын скаутын холбоо, хамтран зохион байгуулагчаар НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллах скаутын холбооны үндэсний цугларалт энэ сарын 25-30-нд болно. Тус арга хэмжээ нь хоёр жил тутамд нэг болдог бөгөөд энэ талаар Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.
-Удахгүй болох скаутын холбооны үндэсний цугларалтын талаар мэдээлэл өгнө үү ...
-Энэ жилийн арга хэмжээ Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах гэж буйгаараа онцлогтой. Үүнд 21 аймаг, есөн дүүргээс 1500 орчим хүүхэд майхант зуслан жишгээр оролцоно.
-Цугларалтын үеэр ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах вэ?
-Хүүхдүүдэд зориулсан скаутын сургалт, шинжлэх ухаан танин мэдэхүйн хөтөлбөр, адал явдалт үйл ажиллагааны төв ажиллана. Мөн хүүхдүүдэд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг сурталчилж, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн сургалт болно. Ингэхдээ агаарын бохирдлын эсрэг хүүхэд залуучуудын үндэсний сүлжээг 21 аймаг, есөн дүүргээс ирсэн хүүхдээс бүрдүүлэн Жемборид үүсгэнэ.
-Энэ жил хэддэх жилдээ болох гэж байна вэ?
-Хамгийн анх 1996 онд Жембори болсон байдаг.
-Гадаадын хүүхдүүд хэр их идэвхитэй оролцдог вэ?
-Жембори болгонд гадаадын скаутуудын төлөөллүүд ирж оролцдог. Хамгийн сүүлд буюу 2017 онд Ази Номхон Далайн Бүсийн Жембори манайд болсон. Тэгэхэд дэлхийн 30 улсаас 1200 гадаад хүүхэд оролцсон. Хонг-Конг, Тайван, БНСУ, Япон, ХБНГУ, Австралийн скаут хамгийн идэвхтэй оролцдог.
-Тэдгээр хүүхдүүдийг хэрхэн хамруулдаг вэ. Өөрсдөө нэрс, тоогоо ирүүлдэг үү?
-Бид Жемборийн танилцуулгаа дэлхийн 200 гаруй скаутын холбоо руу явуулж, тэндээсээ сонирхсон улс орнууд нь хариу ирүүлж гишүүдээ оролцуулдаг. Мөн зардлаа ч өөрсдө бие дааж зохицуулдаг.
-Майхант зуслангаа хаана байршуулах вэ?
-Найрамдал Цогцолборын ногоон бүс дотор байрлана.
-Үүнд оролцохын тулд хүүхдүүд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Ер нь аймаг дүүрэг эсвэл хариуцсан сургуулийн хүүхдүүд арав, арваараа баг болдог. Баг болгон хариуцсан багштай байх ёстой. Бүртгэлийг багш хийлгэдэг бөгөөд хүүхдүүд зусланд явдаг шиг эрүүл мэндийн хуудас л бөглүүлж авч ирдэг.
-Тухайн жилийнх нь арга хэмжээ ямар нэгэн уриан дор явагддаг уу. Тийм бол энэ жилийнх ...
-Тийм. Энэ жилийн уриа “Хүүхдийн эрхийн төлөө Хамтдаа”.
-Ярилцсанд баярлалаа.








А.Билгүүн: Скаутын холбооны үндэсний цугларалт энэ сарын 25-30-нд болно | ||
Үзсэн: 3097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.