Германы Засгийн газрын “Их эвсэл”-ийн бүрэлдэхүүнд багтдаг Социал демократ намын дарга Андреа Налес огцорно. Андреа Налес Социал демократ намыг удирдахгүй гэж мэдэгдсэнээр Германы канцлер Ангела Меркелийн Засгийн газрын хувь заяа цаашид яах вэ гэдэг асуулт эргэлзээ дагуулж эхэллээ.
Учир нь Ангела Меркелийн удирдаж буй Христийн ардчилсан холбоо эвсэл болон энэ хоёр намтай нэгдэж “Их эвслийн Засгийн газар”-ыг бүрдүүлж байгаа Социал демократ намын аль, аль нь өнгөрөгч долоо хоногт болсон Евро парламентын сонгуульд дэмжлэгээ алдсан. Энэ дүн тарж бутрахад ойрхон байсан эрх баригчдын хүчийг улам сулруулах болсныг хэвлэлүүд бичиж байна.
Үүн дээр нэмээд эвслийн бүрэлдэхүүнд байдаг Социал демократ намын дарга Андреа Налесийн мэдэгдэл энэ намыг “Их эвсэл”-ээс гарахад хүргэж магадгүй гэж тайлбарлаж байна. Евро парламентын сонгуулийн үр дүнгээс болж намын даргын ажлаас огцорч, парламент дахь бүлгийн даргаа ч болино гэж Андреа Налес мэдэгджээ. Гэнэтийн энэ мэдэглийн дараа канцлер Ангела Меркель “Германы Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх болно” гэсэн байна.
Берлин дэх Хертие удирдлагын ухааны сургуулийн захирал Хенрик Эндерлей “Хэрэв Социал демократууд эвслийн Засгийн газраас гарвал 2021 он хүртэл улсаа удирдах ёстой Меркелийн танхим задарч, канцлер нь ээлжит бус сонгууль зарлахад хүрнэ. Үгүй бол парламент дахь бусад цөөнхүүд болох Ногоон намынхан болоод Чөлөөт ардчилагчидтай эвсэх хэрэгтэй болно. Социал демократ намын даргын сонгууль Их эвслийн асуудлаар сонгууль болох магадлалтай” гэж ярьж байна.
Зүүний төвч үзэлтэй Германы Социал демократ нам парламентын сонгуульд Ангела Меркелийн удирдаж буй Христийн ардчилсан холбоо эвслийн дараа гуравдугаарт жагсаж, “Их эвсэл” байгуулалцсан юм.
| Социал демократ намын дарга Андреа Налес огцорно | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.