Германы “Дойчэ” банк Венесуэл улсын 2016 онд авсан зээлийн гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй байгаатай холбогдуулан тус улсын 20 тонн алтыг хураан авчээ. “Блүүмберг” агентлагийн мэдээлснээр 2016 онд Венесуэл улс энэ банкнаас 750 сая ам.долларын зээл авч, барьцаанд нь 20 тонн алтаа тавьсан байна.
Гэтэл Венесуэлийн тал 2021 онд дуусах ёстой байсан энэ гэрээний нөхцөлөө биелүүлээгүй тул “Дойчэ" банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, алтыг нь хураан авахаар шийдвэрлэсэн байна. Тус банкны төлөөлөгчид болон Венесуэлийн Төв банкны ажилтнууд энэ мэдээлэлд тайлбарт хийхээс татгалзсан байна.
Венесуэл улс сүүлийн үед алтны нөөцөө худалдах нь нэмэгдсэн юм. Энэ оны тавдугаар сарын эхээр Каракас Төв банкны алтны нөөцөөсөө 570 сая ам.долларын алт худалджээ. Нэрээ нууцалсан эх сурвалж “Блүүмберг” агентлагт мэдэгдэхдээ 13.7 тонн алтаа зарсан гэжээ.
Мөн өнгөрсөн 11 дүгээр сард Их Британи улс Венесуэл улсын 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй 80 тонн алтыг АНУ-ын дарамт шахалтаар өөрийн болгож авсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11 дүгээр сарын 1-нд Америкийн иргэд, аж ахуйн нэгжийг Венесуэлийн алтыг худалдах, худалдан авах гэрээнд оролцохыг хориглох тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
Вашингтон, Лондон сүүлийн хэдэн сарын хугацаанд Венесуэлийн ард түмнээс нийт 30 тэрбум ам.долларын өртөгтэй нефть, банкны хувьцааг нь хулгайлсан гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёрдугаар сарын хуралдаанаар Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдэж байлаа.
| Германы “Дойчэ” банк Венесуэлээс 20 тонн алтыг хураан авчээ | ||
| Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.