Шууд Chart

Хамгаалалтын зурваст буух нь аюулын өндөр эрсдэлтэй

2019-06-10 17:15:11

Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвастай байхыг Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-д тус тус заасан байдаг.

Хамгаалалтын зурвасын хэмжээг нийслэл, дүүргийн Засаг дарга нар баталгаажуулах үүрэгтэй. Хамгаалалтын зурваст иргэдэд газар олгох, дур мэдэн гэр, орон сууц, барилга байгууламж барих, мал, амьтан бэлчээх, мод, бут тарих болон бусад үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Хамгаалалтын зурваст гэр, сууц барих, чингэлэг, гараж байршуулах, үйл ажиллагаа явуулах нь  хүн, амьтны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах өндөр эрсдэлтэй.

Учир нь хамгаалалтын зурвас газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их байдаг учраас зурваст удаан хугацаанд амьдарч, ажиллаж буй иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, зүрх судас, тархины эмгэг өвчтэй болох магадлал өндөр байдаг. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтын явцад элэгдэнэ, хуучирна, гаднын механик нөлөө болох хүчтэй салхи, шуурга, цохилтод өртөх магадлалтай. Энэ тохиолдолд бэхэлгээ нь гэмтэх улмаар тулгуур унах, хүчдэлтэй утас тасрах нөхцөл аюултай.

Өнгөрсөн 2018 оны дүнгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн шугам, тоноглолын хамгаалалтын зурвасын дэглэмийг зөрчиж буусан 5950 айл өрх, аж ахуйн нэгж байна. Үүнд:

  • Айл өрх                                        4745
  • ААН                                              1010
  • Гараж, чингэлэг, павильон          195

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас эдгээр айл өрх, аж ахуйн нэгжид хамгаалалтын зурвасыг яаралтай чөлөөлөх тухай албан шаардлага, мэдэгдлийг өгдөг. Мөн хамгаалалтын зурваст газар олгогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн газрын алба, хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт жил бүр цахилгаан дамжуулах агаарын болон кабел шугам, дэд станцын мэдээллийг жил бүр шинэчлэн хүргэх, сэрэмжлүүлэг мэдээлэл, сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тасралтгүй явуулах зэргээр ажиллаж байна.

Харамсалтай нь эдгээр айл өрх, аж ахуйн нэгжүүд тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, хамгаалалтын зурвасыг чөлөөлөхгүй байсаар, өөрийн болон гэр бүр, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулд өртөх өндөр эрсдэлтэйг сануулсаар байхад тоохгүй байна. Зарим нь бүр “... эндээс нүүхгүй, үхсэн ч гомдолгүй” гэж хэлсэн ч бий.

Жишээ:

2018 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 50 дугаар гудамжинд байрлах Гурван хишиг ХХК-ийн ажилтан 37 настай эрэгтэй дэлгүүрийн хаяг солих ажил хийж байхдаа 10 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын утсанд толгойгоороо шүргэснээс хүчдэлд цохиулан хөл нь түлэгдэж эрүүл мэндээрээ хохирсон. Гурван хишиг ХХК нь барилгаа хамгаалалтын зурваст оруулан өргөтгөсөн нь цахилгаан дамжуулах агаарын шугамын доод утаснаас 1.3 метрийн зайтай байсан байна. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд газар, хашаа байшин худалдаж авах, өргөтгөхөөр төлөвлөж байгаа бол юун түрүүнд цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурваст орсон эсэхийг мэргэжлийн байгууллагууд болон Цахилгаан дамжуулах, Цахилгаан түгээх компаниудад хандан тогтоолгож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөе.

Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Хамгаалалтын зурваст буух нь аюулын өндөр эрсдэлтэй  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй