
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа. Тэрбээр “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч юм. Түүнийг дөнгөж сая дээрх сэтгүүлийнхээ зуны дугаарыг хэвлүүлээд явж байхад нь уулзав.
-Танай сэтгүүлийн зуны дугаар гарчээ. Энэ дугаарын хамгийн сонирхолтой бичвэрээр алийг нь нэрлэх вэ?
- “Чи “Өвгөн шувуу”-гаа, би “Тэхийн зогсоол”-оо бичлээ,одоо бид хоёр үхсэн ч яахав дээ, Эрдэнэ минь...” гэхэд хэзээний уяхан эмзэг эрхлэгч минь нулимс бөмбөрүүлэн “Чи үнэн хэллээ Явуу” хэмээгээд хөтөлцөн гарч билээ” гэсэн дурсамжийг уран зохиолын нэрт шүүмжлэгч Ч.Билигсайхан бичжээ. Энэ цохолбор “Монголоо хайрласан тэр ухаан Эрдэнийх байлаа. “гэсэн судалгааны өгүүлэл дотор бий. Бичигч нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаяр. Ерөөс энэ жил Монголын алдар цуутай олон зохиолчдын тэгш ой тохиож байгаа. Тэдэнд зориулж “Улирал ба Зохиолч” сэтгүүл тэргүүн хуудсуудаа зориулж байна л даа. “Мэндэлснийх нь 90 жилийн ойд” гэсэн малгайн доор судалгааны өгүүлэл тавьсан. Энэ удаа ч биш 22 улирал дараалан зохиолчдынхоо ойд зориулж судалгааны өгүүлэл тавьж байгаа юм. Тэр дотор үнэ цэнтэй, сонирхолтой мэдээлэл үргэлжид багтсан байдаг нь зохиолч, уншигчдын сэтгэлийг соронздон татдаг. Тухайлбал зуныхаа дугаарт Б.Явуухулангийн 90 жилийн ойд зориулсан өгүүлэл тавьсан. “Б.Явуухулангийн ертөнц-Монголын яруу найраг” нэртэй. Тэр дотор мөн л Ч.Билигсайхан агсны нэгэн гоё дүгнэлтийг бичигч нь цохолборлон оруулсан байдаг. “Дорно дахины намуун тансаг аяс,өрнө дахины гүнзгий сэтгэлгээ хоёрыг нүүдэлчний амьдралын цэцэн мэргэн ухаанаар бүтдэг монгол яруу найргийн язгуур шинжтэй чухам сайхнаар хослуулж чадсан жишээ бол Б.Явуухулангийн яруу найраг юм” гэжээ. Гайхалтай биз. Энэ жил гэхэд л манай сэтгүүл 90 жилийнх нь ой тохиож байгаа дөрвөн зохиолчийн тухай судалгааны өгүүлэл тавина. Ирэх намрын дугаарт яруу найрагч Ц. Гайтав, өвлийн дугаарт зохиолч Б.Нямаа нарынхаа тухай эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл гаргана. Тэдний минь 90 жилийн ой энэ жил бас тохиож байгаа юм. Тэдгээр өгүүлэлийг уншигч, захиалагч, зохиолчдыг хэлэлтгүй би өөрөө ч догдлон хүлээж байгаа минь үнэнтэй....
-“Улирал ба Зохиолч” сэтгүүл уран зохиолын бүх төрөлд хуудсаа зориулдаг шүү дээ. Тухайлбал, тууж, өгүүллэг, найраглал, шүлэг, захидал, дурсамж,шүүмж- судлал, эсээ, аян замын тэмгдэл, дэлхийн шилдэг өгүүллэг, Нобелийн шагналтнуудын хөрөг, ярилцлага,Монгол туургатны яруу найраг, гэрэл зураг- он цаг гээд л...
-Аль бүхнийг тоочилтэй бичлээ, манай уншигчид анх сэтгүүл минь гарсан 2014 оноос хойш 22 шинэ тууж уншиж, төдий тооны зохиолчдын захидалтай гар бичвэрээр нь танилцаж, нобелийн шагналт 22 зохиолчдын ярилцлага, хөргөөр дамжиж тэдний уран бүтээлийн лаборторид нэвтэрсэн гэсэн үг. Басхүү Монголын нэрт зохиолчдын нэрийн хуудас болсон 22 шүлэг, дууг зохиолчдынх нь гарын үсэгтэйгээр уншиж, гар бичмэлээр тольдон харжээ. Дэлхийн шилдэг 22 өгүүллэг уншжээ.
-Энэ дугаарт ямар тууж, өгүүллэг орсон бэ. Мөн зохиолчдын захидал ч сонирхолтой шүү. Нобелийн шагналтны хөрөг мэдээж орсон байх ...
-Зохиолч П.Батхуягийн тууж, До.Цэнджавын өгүүллэг орсон. Хоёулаа цоо шинэхэн бүтээлд. Тууж нь улсын хэмжээнд зарласан уран бүтээлийн уралдаанд дэд байр эзэлсэн тууж. Захидлын хувьд яруу найрагч С.Чулуунаас орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэгт бичсэн захидал орсон. Энэ захидал 49 жилийн дараа анх удаагаа манай сэтгүүлд тавигдаж байна. Эдүгээ хэн хэн нь нэрд гарсан хоёр найрагчийн залуу насны мөрөөдөл гэрэлтсэн захидалууддаа. Он дуустал хоёр найрагчийнхаа захидлаас тавина. Мөн Английн ерөнхий сайд асан, уран зохиолын нобелийн шагналт Уинстон Черчиллийн тухай уншаарай.
-Хаврын дугаараасаа эхлээд “Зохиолчдын гэр өргөө” гэсэн шинэ булантай болсон байсан ...
-Чамд баярлалаа. Сайн ажигласан байна, ажиглах ч юу байх вэ. Сайн уншсан байна шүү. “Зохиолдчдын гэр өргөө” гоё булан. Дэлхийн цуут зохиолчид ямар гэрт хэрхэн амьдарч, тэндээ ямар уран бүтээлээ туурвисан хийгээд уран бүтээлийн жаргал зовлонгоо хэрхэн томж байсан тухай уран сайхны тэмдэглэл, эсээ төрлийн бичвэр л дээ. Хаврын дугаарт Э.Хемингуэй, одоо энэ зуны дугаарт Мацуо Басёгийн гэр өргөөний тухай орсон доо. Японд сууж уран бүтээлээ туурвидаг зохиолч, орчуулагч Ш.Хишигсүрэн сэтгүүлийн минь захиалгаар энэ буланг хөтөлдөг юм. Уншиж л байж амт шимтийг нь мэдрэнэ, би тайлбарлан ярьж хүчрэхгүй л дээ. Зохиолчийн урлангийн тухай л гэж тоймлон хэлж чадах байна. Бас зохиолч, яруу найрагчид заавал уншуустай “Уран зохиолын тухай яриа “ гэсэн шинэ буланг зохиолч,яруу найрагч, орчуулагч Гүн. Аюурзана хаврын дугаараас эхлэн хөтөлж эхэлсэн. Лавтай он дуустал хөтлөнө, цаашид ч хөтлөх байх. Уншигчид энэ буланд тун талархалтай ханддаг юм.
-Монгол Улсаас гадаадад суугаа 30 элчин сайдын яаманд хүрч байгаа гэсэн сайхан мэдээ сонссон шүү ...
-Тийм шүү, ёстой сайхан мэдээ. “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хамт олон бид үнэхээр урамтай байгаа. Бид гэхэд ч цөөдөх юм болов уу? Хоёр гурвууллаа л ажилладаг юм шүү дээ. Бидний хүчит хөдөлгүүр бол урам. Сэтгүүлийг минь захиалж байгаа хүн бүр бидэнд урам өгдөг. Бас монголынхоо уран зохиолын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүмүүс олон байдгийг жил бүр л мэдэрч байна. Анхны дугааруудын санхүүжилтыг өгсөн нэрт бизнесмэн, яруу найрагч М.Хүрэлсүх, Монос компанийн үүсгэн байгуулагч, төрийн шагналт эрдэмтэн , залуу насны минь анд зохиолч Л.Хүрэлбаатар, анхнаас нь эхлээд одоо хүртэл дэмжин ажиллаж байгаа Номин Холдинг компанийн зөвлөх Худалдааны гавьяат ажилтан, яруу найрагч А.Шагдарсүрэн гээд тоолоод нэрлээд байвал олон хүн бий. Бас өнгөрсөн жил 110 сумд бүтэн жил хүргэх санхүүжилт олгосон БСШУСЯ, урлаг соёлыг дэмжих сангийн хамт олонд баярласнаа энэ ялдамд дуулгая. Оюунлаг хүмүүс юутай олон бэ. Америкт суугаа жүжигчин, хонгор нутгийн бүсгүй Н.Наран-Амгалангийн санхүүжилтээр Баянхонгор аймгийн бүх сумдын номын санд бүтэн жил сэтгүүл минь хүрлээ. Одоо бас Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, доктор Г.Батсүхийн санхүүжилтээр Монгол улсаас гадаад улсад суугаас 30 элчин сайдын яаманд хаврын дугаараасаа эхлэн хүрч байна. Хүн ч тэгээд урмаар ургадаг ургамал юм байна шүү дээ. Ургаад л, цэцэглээд л, урамшаад л гүйж явна даа.
-Дугаарын онцлох зохиолч болон онцлох номыг улирал тутамд тодруулдаг шүү дээ ...
-Энэ удаагийн дугаарын онцлох зохиолчоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Пүрэвдоржийг, онцлох номоор Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагвын “Сэлүүн тэргэл”, “Тэнүүн дэлгэр” гэсэн яруу найргийн хоёр боть номыг тодрууллаа.
-Танай сэтгүүлийн хамт олонд амжилт хүсье . Улам их урамшаарай.
-Ерөөл оршиг ээ. Сэтгүүлийнхээ уриаг хэлье дээ. Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нямаа: “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хамт олон бид үнэхээр урамтай байгаа | ||
Үзсэн: 1991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.