![](/uploads/201402/news/thumb/ce9e8635a467ce60c5d5e98024509d50_x3.jpg)
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын тоо эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутайн буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг чиглэсэн автозамын ачаалал нэмэгдэх гол шалтгаан болдог гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын өнгөрсөн онд гаргасан шийдвэрийг үндэслэн СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулахаар шийдвэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргажээ.
Ойрын таван жилийн хугацаанд цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол энэ жилийн наадмаас өмнө 14 000 автомашины талбай бүхий газрыг хатуу хучилттай болгож ашиглалтад оруулах юм байна. Эдгээр зогсоолыг аж, ахуйн нэгж иргэдэд тогтоосон төлбөртэйгээр эзэмшүүлнэ. Зогсоолын хэмжээнээс шалтгаалан иргэн аж ахуйн нэгжүүдэд худалдах үнэ нь 4-9 сая төгрөг байх юм. Үүнээс олсон орлогоороо "Авто худалдааны цогцолбор"-ын бусад бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ажээ. Гэхдээ мэдээж авто худалдааны чиглэлээр зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шинэ цогцолборт зогсоол эзэмшүүлэхдээ давуу эрх олгохоор төлөвлөж байна.
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, "Авто худалдааны цогцолбор"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Мөн Авто худалдааны төвийн ашиглалт, үйл ажиллагааг хариуцах орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулан, дүрмийг баталлаа. "Авто худалдааны цогцолбор" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрийгөө санхүүжүүлэн үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.
"Авто худалдааны цогцолбор"-ын эхний ээлж таван сарын дараа ашиглалтад орно | ||
Үзсэн: 2116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.