Шууд Chart

“Түүх мартахгүй” уран сайхны киноны мотор дугарч эхэлжээ

2019-06-17 11:27:36

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал агсны туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киноны мотор өчигдөр дугарч эхэлжээ.

Энэ талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар фэйсбүүк хуудасдаа бичсэн байв. Тэрбээр Ю.Цэдэнбал агсны идэр насны дүрийг бүтээж байгаа бол бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул,  ахимаг үеийн дүрийг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулах аж.

Тус киноны зорилго нь Ю.Цэдэнбал агсныг ХХ зуунд амьдарч байсан их удирдагч хэмээн онцлон харуулахад оршиж байгаа гэнэ. Мөн ОХУ-д очиж зураг авалтаа үргэлжлүүлэх юм байна.

Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.

Ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг  киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж байгаа бол киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж.

Кино энэ онд багтаж үзэгчдэд хүрэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

“Түүх мартахгүй” уран сайхны киноны мотор дугарч эхэлжээ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй