Шууд Chart

Сингапурт “Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

2019-06-17 15:28:01

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал Сингапур Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүний гэр бүлүүдэд зориулан 2019 оны зургаадугаар сарын 14-ний өдөр “Discover Mongolia” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.

Тэрбээр уг арга хэмжээгээрээ Монгол Улсын түүх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын талаар сурталчлан таниулахыг зорьж уг арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр Элчин сайд Т.Лхагвадорж “Discover Mongolia” сэдэвт Монгол руу хэрхэн аялах, аяллын хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, aялалын маршрут зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавив.

Түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, түүхэн нутаг дэвсгэрээр 20 гаруй удаа олон тооны жуулчидтай хамт аялсан Сингапурын иргэн Скотт Тай-ыг тусгай зочноор урьж, Монголын өнцөг булан бүрээр аялсан сэтгэгдлээс нь зочид төлөөлөгчидтэй хуваалцав. Тэрбээр хэлэхдээ, энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болоод газар нутгийн талаарх жинхэнэ туршлага болон үлдсэн талаар онцолсон юм.

Хүрэлцэн ирсэн 30 орчим орны төлөөлөгчид эрт цагаас улбаатай арвин баян түүхтэй Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтад, тал нутаг, түүх соёлыг шагшин магтсан төдийгүй Монгол орноор аялах ихээхэн хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн Дипломат корпуст зориулсан тухайн арга хэмжээний үеэр Сингапур дахь Элчин сайдын яамнаас санаачлан “Бидний Цөөхөн Монголчууд” төслийн фото зургийн үзэсгэлэн гаргасан ба уг төслийн зорилт нь Монголын аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан тус бүрийн онцлог өнгө төрхийг баримтжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршино.


Сингапурт “Discover Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа   
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй