
“Legend” entertainment show ирэх долоодугаар сарын 7-12-нд “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд болно.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмэнт брэндийг бий болгох зорилгоор “Legend show” төслийг өнгөрсөн оноос санаачлан хөгжүүлж байна.
“Legend” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл юм.
Монгол туургатны соёлын олон төрөл, үндэсний үнэт зүйл хийгээд Монгол хүний эрхэмлэх зүйлсийг түгээх, соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлан таниулж, Монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын соёлын элч, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллаж байна.
Түүнчлэн хөгжмийн продюсер, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа аж.
Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг уртын дуучин, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн оролцсон тоглолт үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Тус энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээлийг БСШУСЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон өв соёлоо эрхэмлэн дээдлэгч “Corporate Hotel & Convention Centre”, “Нүүдэл” брэнд, Худалдаа хөгжлийн банк, “Модерн Номадс”, “Түвшин” сан, “Хульж Ресорт”, “Зууны мэдээ” сонин дэмжин ажиллаж байна.
“Legend” энтертайнмэнт шоу долоодугаар сарын 7-12-нд болно | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.