Шууд Chart

Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Сэ Ёнтой уулзав

2019-06-27 17:24:10

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны дөрөвдүгээр хуралдаан зургаадугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Сэ Ён-той уулзаж, Монгол, Солонгосын харилцааг шат ахиулан хөгжүүлэх агуулгын талаар болон хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвээр ярилцав.

Дэд сайд нар ирэх онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцож, ирэх оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгож зарлах, 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцов. Мөн дээд, өндөр түвшинд ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж тохиров.

БНСУ-ын тал харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх зорилтыг хангах хүрээнд хоёр улсын ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх саналыг тавив. Манай тал уг саналыг талархан хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх цаг хугацаа, ярилцах асуудлын хүрээ зэргийг ажил хэргийн түвшинд ярьж тохирохыг хариу санал болгов.

Монгол, Солонгосын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд хоёр улсын ГХЯ дэмжлэг үзүүлж үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов. Талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр талаас анхаарч ажиллахаа нотлов. Манай улс Сөүл хотод визийн төв байгуулж байгаагаа мэдэгдэж, солонгосын тал виз олгох системийг шинэчлэн сайжруулах, виз олголтын хугацааг богиносгох тал дээр анхаарч байгаагаа тус тус харилцан мэдээлэв.

Дэд сайд Б.Батцэцэг соёл, боловсролын салбар дахь солилцооны ач холбогдлыг тэмдэглэж, соёлын өвийг сэргээн засварлах чиглэлд боловсон хүчин бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын соёлын өвийг хамгаалах ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байхыг солонгосын талд хүсэлт болгов.


Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Сэ Ёнтой уулзав   
Үзсэн: 2176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй