
"Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд тус уралдааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалж, ажиллахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт даалгажээ.
Энэ дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй ажлын хэсэг хуралдаж, "Орон нутгийн бэлтгэл ажлын төлөвлөгөө”-г гаргаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна.
"Торгоны зам” авто ралли уралдааныг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулж, ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн чиглэлээр зохиодог байсан бол 2018 онд ОХУ болон БНХАУ гэсэн чигэлэлд явуулжээ.
2019 оны тухайд Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиохоор болсон байна.
2019 оны авто ралли ОХУ-ын Эрхүү хотоос эхэлж Хятадын Дунхан хотод дуусах ажээ. Энэ жилийн тухайд "Торгоны зам" олон улсын авто раллиг ирэх долоодугаар дугаар сарын 6-16-нд зохион байгуулна.
Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын 5007,96 км замыг туулж, уур амьсгалын таван бүсийг гатлах ажээ.
Раллигийн тусгай үе шатуудын нийт зай нь 2593,15 км байх бөгөөд Монголын өргөн уудам нутгаар Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар гурван өдөр уралдах бөгөөд байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, хүн амын нягтаршил бага, нүүдлийн ахуй соёл, зэрлэг ан амьтны хөдөлгөөн зэрэг нь шууд дуранд буудаг аж.
2017 онд энэхүү уралдааныг 143 хэвлэл мэдээллийн баг 196 улсад дамжуулсан нь уралдаан болон уралдаан болж буй бүс нутгийн талаар томоохон сурталчилгаа болж, аялал жуулчлал нэмэгдэх том боломж бүрддэг аж.
Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцсон.
Тэр үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авто раллигийн уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулж, "Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаанд зохих хэмжээнд анхаарал хандуулж ажиллахаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлага, ажлын хэсгийнхэнд илэрхийлсэн нь энэ юм.
"Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан Монголын замаар дайран өнгөрнө | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.