Шууд Chart

ОУХМ Л.Болдбаатарын цогцсыг буулгаж ирэх гэж гурван удаа оролдсон

2014-02-24 13:42:10

Өнөөдөр Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай Таванбогд уулын Малчин оргилд авиралт хийн, бууж явах үедээ осолдож, амиа алдсан талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд Биеийн тамир спортын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, Б.Гангаамаа,  Биеийн тамир спортын газрын Биеийн тамир спортын албаны дарга Ж.Тунгалаг, Уулын холбооны тэргүүлэгч гишүүн, ОУХМ Б.Батсүх нар оролцлоо.

Биеийн тамир спортын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагааны мэдээлснээр Л.Болдбаатар болон түүний охин Б.Үүрцайх нарын Алтай Таванбогд уулын Малчин оргилд хийсэн авиралт бол өвлийн авиралтыг эхлүүлье гээд зөвшөөрөл авсан Монголын уулчдын үндэсний холбоонд мэдэгдсэн албан ёсны зөвшөөрөлтэй авиралт байсан ажээ.
 
ОУХМ Л.Болдбаатар хоёрдугаар сарын 6-ны өдөр өөрийн төрсөн охин Б.Үүрцайхын хамт Улаанбаатар хотоос нисдэг тэргээр Баян-Өлгий аймагт очин  тэндээсээ машин хөлсөлж аваад Цагаан гол өгсөөд аяллаа эхлүүлсэн байна. Алтай Таванбогдод очоод бид цаашаа аяллаа хийнэ. Буцаж буугаад өөр газраар явган аялал хийнэ гээд жолоочоо буцаасан аж.
Улмаар цаашаа нэг хоног явж отогтоо хүрээд тэндээ хоёр хоног бэлтгэл хийж байгаад гурав дахь хоногийн өглөө буюу 13-ны өдөр 11 цагийн орчимд Малчин оргил руу авирч эхэлжээ. Ингээд 17 цагийн орчимд оргил дээр гарсан аж. Тэр үед нэлээд оройтсон, цас шуурах хандлагатай байсан бөгөөд ОУХМ Л.Болдбаатар тухайн үед охиндоо бид хоёр хамтдаа ингээд гараад ирлээ, үнэхээр баяртай байна. Цаашид хоёулаа өвлийн бэлтгэлээ хангаж байгаад Хүйтний оргилд гарна гэж хэлж байсан ажээ. Тэд оргилоос 100 метр орчим бууж явахдаа хоёул хөл алдан унажээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар "Малчин оргил  цавчим хад ихтэй. Урд тал нь нурангитай, араасаа шуурдаг учраас нуранги цас ихтэй. Тэдний буусан тал нь энгэр тал учир мөстсөн байж магадгүй" гэж үзэж байгаа ажээ. Хоёулаа халтирч яваад охин нь нэг цасан дээр тогтсон байсан аж. Б.Үүрцайх ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэрэхэд нь шөнө болсон сар мандсан байжээ. Охин нь босоод аавыгаа хайн энгэрийнхээ цасыг дагаж уруудсан бөгөөд замдаа аавынхаа үүргэвч, малгай, шил зэргийг олсон байна. Улмаар хоёр цаг орчим зөөлөн уруудаж явсаар аавыгаа олсон боловч огт хөдлөхгүй байж. Охин аавыгаа хунгараас татаж гаргаж ирээд хиймэл амьсгал хийсэн боловч нэгэнт өнгөрсөн байжээ. Б.Үүрцайхын ярьснаар "Тэр үед шоконд орсон учраас яахаа мэдэхгүй нэлээд харж суусан. Хэсэг сууж байгаад төв рүү холбоо барих хэрэгтэй гэж бодоод аавыгаа тавьж хажууд нь тэмдэг тавиад майхандаа ирсэн. Майхандаа  ирээд таван цаг орчим сууж үүр цайсны эцэст уулнаасаа бууж явсаар оройн 17 цагийн орчимд айлын хаваржаанд барьсан гэрт ирж хоноод өглөө нь буюу 15-ны өдөр гарч цааш яван нэг малчин айлд очиж ээжтэйгээ холбоо барьсан. Тэгэхдээ бид хоёр ууландаа амжилттай авирсан. Гэвч аав маань буцаж явахдаа амиа алдлаа. Та бид хоёрыг хүргэж ирсэн жолоочтой холбоо бариад хэл дуулга" гэж хэлсэн байна.
 
Ингээд жолоочийг хэл дуулгасны дагуу Баян-Өлгий аймгийн  Онцгой байдлын хэлтсийн эрэл хайгуулын баг гаргаж хайх ажиллагааг эхлүүлсэн ажээ. Эрлийн багийнхан 16-ны өглөө эхний ажиллагааг хийсэн байна. Тус хайгуулын багт Баян-Өлгий аймгийн уулчид оролцоогүй аж. Эрлийн багийнхан газар дээр очоод мэргэжлийн уулчид хэрэгтэй гэж үзсэн учраас буцаж явсан бөгөөд хоёр дахь удаад тус аймгийн гурван уулчин оролцсон байна. Мэргэжлийн уулчид, хилийн цэрэг болон онцгой байдлын ажилчдаас бүрдсэн баг 19-ны өдөр хоёр дахь удаагаа очсон боловч цасан шуурга их байсан учраас хүний амь эрсдэж болзошгүй гээд дахин буцсан байна. Харин маргааш нь 20-ны өглөө таван хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг талийгаачийн охины хамт ууланд гарч цогцсыг буулгаж иржээ. Цогцсыг буулгасан даруйд Улаанбаатар хот руу шууд явуулсан бөгөөд шарилыг  21-ний 17 цагт Улаанбаатар хотод авчирчээ.
 
Биеийн тамир спортын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан "Талийгаач газар дээрээ унаад шууд нас барсан учраас Онцгой байдлын ажилчид шуурхай ажилласан бол боломж байсан гэдэг мэдээлэл ташаа гэдгийг хэлснээс гадна Монголын уулын холбоо мөнгөгүй учраас аврах ажиллагаанд ороцоогүй гэдэг мэдээлэл худлаа. Манай уулын тамирчид явахад бүгд бэлэн байсан" гэлээ.
Мөн бидний үзэж байгаагаар талийгаач халтирч яваад хад асга мөргөж унасан байх гэж бодож байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарах байх гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

ОУХМ Л.Болдбаатарын цогцсыг буулгаж ирэх гэж гурван удаа оролдсон   
Үзсэн: 1733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй