Шууд Chart

Б.Үүрцайх: Би аавыгаа амь үрэгдсэн гэдэгт итгээгүй

2014-02-24 14:46:42

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Болдбаатар өнгөрсөн долоо хоногт охинтойгоо Баян-Өлгий аймгийн Алтай Таванбогд уулын Малчин оргилд авиралт хийгээд бууж явах үедээ осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг явдлын талаар Л.Болдбаатарын охин Б.Үүрцайхын яриаг хүргэж байна.  

 
-Танд болон танай гэр бүлд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Та аавтайгаа хамт хийсэн авиралтынхаа талаар яриач?
-Аав бид хоёр хоёрдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатраас гараад 8-ны өдрөөс чаргатай алхаж эхэлсэн. Бид хоёр өвлийн авиралт хийх, Алтай Таванбогдын бусад ууланд тандалт хийх, улмаар Хүйтний оргилд гарах зорилготой явсан. Тэгээд 13-ны өглөө авиралтаа эхлүүлж оройн 18 цагийн орчимд оргил дээр гарсан. Бид хоёр доошоо буухдаа цасан дээр гулгаж явах системээр буусан. Гулгаад хурдаа хасаад буудаг арга л даа. Энэ үед орой найман цагийн орчимд осол болсон. Халтирч унах үедээ би багажиндаа тогтоод үлдсэн. Тэгээд би аавыгаа хайгаад доошоо буусан. Явах замдаа малгай, үүргэвч, шил зэргийг нь олсон. Би цасаараа биш хажуу талынхаа хадтай хэсгээр доошилсон. Хоёр цаг орчим яваад аавыгаа олсон. Эхэндээ бол аавыгаа амь үрэгдсэн гэдэгт итгээгүй. Хажууд нь цаг гаран суусан. Нэлээн сууж байгаад амь үрэгдсэн болохыг нь ойлгосон. Тэгээд тусламж хүсэхээр аавын байсан газраас доошоо дахиад цаг гаруй явж байж майхандаа хүрсэн. Майхандаа гэгээ орохыг хүлээж байгаад 14-ний өглөө айл хайгаад 40-өөд км явж эзгүй гэрт очоод тэндээ хоноглосон. 15-ны өглөө айлд очиж бригадын төв рүү хэл дуулгасан.
 -Таныг ухаан санаа нь самуурсан байдалтай байсан гэж байсан?
-Тийм зүйл огт байгаагүй. Надад тэгэх цаг хугацаа ч байгаагүй. Аав минь надад уулчин хүн онцгой тохиолдолд сандарч тэвдэлгүй тайван байх талаар зааж сургадаг байсан. Тийм учраас би аль болох тайван байж осол болсон талаар хэл дуулгасан. Нэг талаараа би бэлтгэгдсэн байсан юм болов уу гэж бодож байна.
 -Таныг хэл дуулгасны дараа аврах багийнхан хэр хурдан ирсэн бэ?
-Аврах багийнхан 16-ны өдөр ирэхдээ мэргэжлийн уулчин дагуулж ирээгүй. Эрлийн багийнхан эрэл хайгуул хийсэн юм огт байхгүй. Би аавыгаа хаана байгааг сайн мэдэж байсан. Тэгээд майхан хүрсэн ч мэргэжлийн уулчин байхгүй гээд буцаад буусан. Дараагийн өдөр нь хилийн цэрэг, онцгой байдлын аврагчид болон гурван уулчин нийлсэн баг дээшээ гарсан боловч техникийн байдлаас болоод буцаад бууж ирсэн. Тэгэхэд би яваагүй. Гурав дахь оролдлогод нь би явсан. Аавыгаа хаана үлдээснээ тодорхой мэдэж байсан учраас олон хүний хэрэггүй байсан. Бид тавуулаа өглөө зургаан цагаас гараад орой 22 цаг гэхэд буулгаж ирсэн.
 -Та өмнө нь аавтайгаа хамт ууланд авирч байсан уу?
-Өмнө нь 13 настай байхдаа аавтайгаа хамт Отгонтэнгэр ууланд авирсан боловч нуранги үүсээд буцаж байсан. Энэ удаагийнх хоёр дахь оролдлого маань байсан.
 -Энэ авиралтыг хэн санаачилсан бэ, мөн хэзээнээс төлөвлөсөн бэ?
-Манай улсад өвлийн авиралт төдийлөн сайн хөгжөөгүй. Бид хоёр өвлийн авиралтыг хийе гэж бодож эртнээс төлөвлөж бэлдсэн. Явахдаа Уулын холбоонд мэдэгдсэн. Анхандаа бидэнтэй  хамт хоёр хүүхэд явна гээд бэлдэж байсан ч яг явах үед ар гэрийн асуудлаас болоод буцсан. Тэд өөрсдийнхөө саналаар татгалзсан.  
 -Та уулын спортын хэр туршлагатай вэ?
-Би Польш улсад сэтгэл судлалын чиглэлээр сурдаг. Мастераа хамгаалж байгаа. Тэнд байх хугацаандаа сүүлийн хоёр жил Польшийн уулчидтай хамтарч хадны болон уулын авиралт хийж байсан. Сүүлд Кавказын уул руу авирсан.
 -Та хоёр уулнаас буухдаа олсоор холбогдоогүй байсан юм уу?
-Яг тийм цас, мөстэй үед хоорондоо олсоор холбогдож явах осолтой байдаг. Нэгнийгээ чирээд унаж аюулд оруулж болзошгүй учраас олсонд ороогүй явсан. Тус тусын цасанд зоодог багажтай байсан.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Үүрцайх: Би аавыгаа амь үрэгдсэн гэдэгт итгээгүй   
Үзсэн: 2526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2014-02-24 17:47
yur ni 2-laa yavj boloxgui bolool otgontenger xairxan urd ni gargaagui baina...
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-02-24 15:41
ewiidee huurhii tengeriin oorondoo amgalan noirsdoo

Бидэнтэй нэгдээрэй