Шууд Chart

МҮОНРТ, “Ээлтэй ертөнц” ТББ хоёр хамтран ажиллана

2019-07-10 16:20:59

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээний зорилго нь МҮОНРТ-ээс ирэх наймдугаар сарын 24, 25-нд зохион байгуулах “Робокон” олон улсын тэмцээний үеэр гардуулах “Унага”-ны чихмэлийг  “Ээлтэй ертөнц” ТББ-аас гүйцэтгэж өгөхөд оршиж байна.

Энэхүү арга хэмжээнд МҮОНР-ийн захирал Г.Батзаяа, "MNB World" сувгийн захирал О.Тэгшгэрэл, МҮОНТ-ийн ерөнхий продюсер Д.Ганчимэг нар оролцсон юм. 

Энэ үеэр “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалыг сэтгэгдлийг сонссон юм.

-Манай “Ээлтэй ертөнц” ТББ 2009 оноос хөгжлийн бэрхшээлтэй буюу байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай иргэдтэй хамтран үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн жилийн есдүгээр сард “Энэрэл” нэртэй хүүхэд хөгжүүлэх төвийг санхүүжүүлэх зорилгоор “Ханны” зөөлөн тоглоомын оёдолын үйлдвэрээ байгуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхдүүдийн аав, ээжийг ажлын байртай болгосон.   

Мөн манай төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тархины саа, булчингийн чангарал оноштой 12, оюуны бэршээлтэй найман хүүхдэд бид өдөр тутмын үйлчилгээ үзүүлж байгаа. Одоогийн байдлаар бид МҮОНРТ-ийн зохион байгуулж байгаа “Робокон” төсөлд хамтран ажиллахаар боллоо.

Үүнд бид уг төслийн билэгдэл болсон унагыг 350 ширхэг үйлдвэрлэхээр гэрээ байгууллаа. Манай үйлдвэрт 21 хүн ажилладаг. Тодруулбал найм нь хүүхэд хөгжүүлэх төвийн ажилтан байгаа бол үлдсэн нь оёдолын цехийнхэн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аав, ээж ажиллаж байна.

Бүтээгдэхүүнээ бид БНХАУ-аас захиалж, Монгол Улсын мэргэжлийн хяналтын газраас баталгаажсан материалаар хийдэг. Манай үйлдвэрийн байр “Вива сити” хороололд байрладаг. MCS-ийн салбар Стейс компани байнга дэмжиж, байраа түрээсгүйгээр үйл ажиллагаа явууллуулдаг.  

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ, “Ээлтэй ертөнц” ТББ хоёр хамтран ажиллана   
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй